Дэлхий дахинд
Олзлогдогсдыг тамлаж байгааг мөрдөн шалгахыг НҮБ уриаллаа
Украины цэргийнхэн оросын олзлогдсон цэргүүдийг тамлан хөлийг нь буудаж байгаа дүрс бичлэг тарснаас үүдэн энэ хэрэг, нөхцөл байдлыг мөрдөн шалгах хэрэгтэй гэж НҮБ-ын Украин дахь Хүний эрхийн мониторингийн тэргүүн Матильда Богнер уриалсан байна. Оросын цэргийн олзлогдогчийг байцаах үеэрээ хөл рүү нь буудаж байгаа үйлдэл Харьков хотод болсон юм байна. Украины үндсэрхэг үзэлтнүүд оросын цэргийн олзлогдогсодтой хэрцгий хандаж байгааг мөрдөн шалгаж тогтоох хэрэгтэй гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны тэргүүн Александр Бастрыкин өнгөрөгч ням гарагт үүрэг болгосон.
“Энэ дүрс бичлэгт гарч байгаа хэрцгийллийн мөрөөр шалгаж буруутай эсэхийг тогтоохыг байлдаж байгаа хоёр талын эрх баригчдад бид уриалж байна” гэж хатагтай Богнер CNN телевизээр ярихдаа хэлжээ.
Оросын олзлогдогсдыг тамлан байцааж байгаа дүрс бичлэгийг үзлээ, энэ үйлдэлд оролцсон хүмүүс хариуцлага хүлээх ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ч бас үүний өмнө мэдэгдээд байгаа.
ОХУ-ын Батлан хамгаалах яам ч бас украины үндсэрхэг үзэлтнүүд, киевийн дэглэмийн удирдлагууд гээд “оросын цэргийн олзлогдогсодтой хатуу ширүүн харьцахыг шууд уриалж байгаа” хүмүүсийг олж хатуу хариуцлага тооцно гэж мэдэгдсэн. Олзлогдогсодтой хатуу ширүүн харьцаж, тамлах нь Олон улсын эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.
Орос улс ерөнхийлөгч Путины тушаалаар хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэн цэргээ оруулсан юм.