Дэлхий дахинд
Талибууд радиостанцыг хааж, гурван ажилтныг нь баривчилжээ
Афганистаны засгийн эрхийг аваад байгаа “Талибан” хөдөлгөөнийхөн Кандагарт ажилладаг “Үндэсний дуу хоолой” радио станцыг хааж, тэдний хэд хэдэн ажилтныг баривчиллаа гэж Афганистаны сэтгүүлчдийн холбоо даваа гарагт мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаас бол талибан хөдөлгөөний хэсэг хүн радио станцын байранд дайран орж байрыг нь хаагаад мэдээний хэлтсийн дарга, техникийн албаны тэргүүн, нэг продюссерийг нь ямар ч тайлбаргүйгээр баривчилсан байна.
Талибан хөдөлгөөнөөс Кандагарт томилогдсон эрх баригчид энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Харин Афганистаны сэтгүүлчдийн холбоо болохоор гурав хоногийн өмнө эндхийн Radio Zama радио станцын удирдагчийг талибан хөдөлгөөнийхөн гэрээс нь баривчлаад өнөө хүртэл тус хөдөлгөөний аюулгүй байдлын газарт байлгаж байгаа гэж мэдээлж байна.
Талибуудын засгийн газар британийн ВВС корпорацийн нэвтрүүлгийг улс орондоо дамжуулах, сонсохыг өнгөрсөн ням гаргаас эхлэн мөн хориглосон юм. BBC Pashto TV-ийн төлөөлөгчийн газар ч Афганистанд явуулдаг байсан пушту, фарси, узбек хэлний нэвтрүүлгүүдийг талибуудын байгуулсан “Афганистаны исламын эмират” хориглон зогсоосон гэж баталжээ.
АНУ тус улсаас цэргээ гаргасны дараа “Талибан” хөдөлгөөн өргөн хэмжээгээр давшиж бүхий л нутагтаа хяналт тогтоон засгийн эрхийг авсан юм. Өнгөрөгч 2021 оны наймдугаар сарын 15-нд талибууд нийслэл Кабулд орж ирснээр Ерөнхийлөгч Ашраф Гани улс орноосоо зугтан гарсан байна.