Дэлхий дахинд
Их Британи Украинд цэргийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэх ч ОХУ-тай шууд зэвсэгт мөргөлдөөнд орох бодолгүй байна
АНУ Украинд аюулгүй байдлын баталгаа олгох тухай тодорхой байр суурь илэрхийлэхэд бэлэн биш байна гэж Цагаан ордны олон нийттэй харилцах албаны захирал Кейт Бедингфилд мэдэгджээ.
АНУ Украины аюулгүй байдал, хараат бус байдлыг хангах чиглэлээр байнгын холбоотой ажиллаж байна. Гэсэн хэдий ч Украинд аюулгүй байдлын баталгаа олгогч улс болох талаар тодорхой байр суурь илэрхийлэхэд бэлэн биш байна гэж Бедингфилд онцолсон байна.
Үүнээс өмнө Орос, Украины хэлэлцээнд оролцогч Украины талын төлөөлөгч Давид Арахамиа Киев НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд болон Герман, Канад, Итали, Польш, Израилийг аюулгүй байдлын баталгаа олгогч орнуудаар сонгох сонирхолтой байгаа илэрхийлж байв.
Үүнтэй зэрэгцэн Их Британи НАТО-гийн гишүүн орнуудад олгодог баталгааг Украинд олгоход бэлэн биш байна гэж тус улсын шадар сайд Доминик Рааб мэдэгджээ. Тэрбээр Их Британи Украинд цэргийн тусламж үргэлжлүүлэн үзүүлэх ч ОХУ-тай шууд зэвсэгт мөргөлдөөнд орох бодолгүй байна гэжээ.
Германы Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Хебештрайт Канцлер Олаф Шольц Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Украинд аюулгүй байдлын баталгаа олгох асуудлаар ярилцсан тухай мэдээлжээ. Тэрбээр Герман улс аюулгүй байдлын баталгаа олгогч орон болоход бэлэн гэж мэдэгджээ.