Дэлхий дахинд
Жо Байдены хүү Хятадын “CEFC” компаниас таван сая ам.доллар авсан байж болзошгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүн Хантер Байден Хятадын эрчим хүчний “CEFC” компаниас таван сая ам.доллар авсан байж болзошгүй гэж “The Washington Post” хэвлэл бичжээ.
Тус сонины мэдээллээр, АНУ-ын засгийн газар болон шүүхээс нийтэлсэн банкны гүйлгээний баримт болон Хантер Байдены хэрэглэж байсан гэх зөөврийн компьютерт хадгалагдсан цахим захидлуудаас үзвэл 2017-2018 оны хооронд “CEFC” компанийн удирдлагууд Хантер Байден болон түүний авга ах Жеймс Байдены хянадаг байгууллагуудад 4.8 сая ам.доллар шилжүүлжээ. Хантер Байден “CEFC” компанийн удирдлагуудын нэг Патрик Хо гэгчид хууль зүйн туслалцаа үзүүлсний төлөө нэг сая ам.доллар авсан байж болзошгүй гэж үзэж байна.
Ингэхдээ тус хэвлэл Жо Байден эл гэрээний талаар мэдэж байсан эсэх, гэрээнээс ашиг хүртсэн эсэхийг батлах нотолгоо олоогүй байна.
Эл мэдээлэлд Жеймс Байден, АНУ дахь БНХАУ-ын ЭСЯ-наас тайлбар өгөхөөс татгалзсан гэж тус сонин онцолсон байна.
2020 оны аравдугаар сард хэвлэлүүд Хантер Байдены цахим захидлуудыг олж авчээ. Захидлаас нь үзвэл тэрбээр Украины эрчим хүчний “Burisma” компанийн төлөөлөгчийг тухайн үед АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан эцэг Жо Байдентай уулзуулах ажлыг зохион байгуулсан нь ил болсон байна. Энэ сарын 26-нд Их Британийн “Daily Mail” сонин Хантер Байдены эзэмшдэг сан Пентагоны захиалгаар Украинд биологийн төсөл хэрэгжүүлдэг гүйцэтгэгч компанитай хамтарч ажилладаг байсан тухай мэдээлж байсан билээ.