Дэлхий дахинд
БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал ирсэн нь эрэлт шаардлага үүсээд байгааг харуулсан
Цар тахал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж Өмнөд Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд нэмэгдсэн. Тиймээс хэлний шалгалт болон бүртгэл дээр урьдчилан бэлдэх үүднээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл гаргалаа. Энэ талаар тус байгууллагын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга З.Буянбадрахаас тодрууллаа.
-БНСУ-руу ажиллах хүсэлтэй гэрээт ажилчдад зөвлөмж мэдээлэл гаргажээ. Энэ талаар танилцуулахгүй юу?
-Өмнөд Солонгост гэрээтээр ажиллах хүсэлтэй олон иргэн байдаг. Энэ жилийн бүртгэлийн хувьд дөрөвдүгээр сарын 25-28-ны өдөр хийнэ. Урьдчилсан байдлаар бүртгэлийн өдрийг зарлаж байгаа нь шалгалт өгөх хүмүүст хэрэгтэй мэдээлэл гэж үзсэн. Нийгмийн сүлжээнд тавигдсан хорооны Хөдөлмөрийн хэлтэс дээр гэрээт ажилчдын бүртгэл хийгдэж байгаа гэдэг ташаа. Бүртгэлийн хувьд заавар мэдээлэл манай цахим хуудаст байршсан.
–Covid-19-ийн үед Өмнөд Солонгос руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын тоо хэр нэмэгдсэн бэ?
-ХХҮЕГ нь Өмнөд Солонгос улсын аж үйлдвэр, хүний нөөцийн газартай гэрээтэй. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тус улсын хөдөлмөрийн яамны хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд ажилладаг. Энэ хүрээнд Монголоос Өмнөд Солонгост ажиллах гэрээт ажилчдыг илгээдэг. Covid-19-өөс шалтгаалж, 2020 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс ажилтан илгээх үйл ажиллагаа түр зогссон. Тиймээс БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл хийгээгүй. Одоо нөхцөл байдал сайнгүй байгаа ч Засгийн газар тодорхой арга хэмжээ авч иргэдээ вакцинжуулж байна. Удахгүй цар тахал намжина гэсэн төсөөллөөр Өмнөд Солонгосын талтай харилцан зөвшилцөөд өнгөрсөн есдүгээр сараас бүртгэл явуулахаар болж, товоо зарласан. 2022 онд явах иргэдийг оны өмнө бүртгэсэн гэсэн үг.
Цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж, 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтад тэнцсэн. 2019-2021 онд тэнцсэн хүмүүсээс одоогоор 400 гаруй нь илгээгдэж, өнөөдөр гэхэд л 60 нь явж байна.
Гэрээт ажилтан илгээгүй жилийн хугацаанд БНСУ-ын хөдөлмөрийн бирж дээр 680 гаруй монгол иргэн авах санал ирсэн нь эрэлт шаардлага үүсээд байгааг харуулсан. Өмнө нь буюу цар тахлаас өмнө шалгалт өгч тэнцсэн иргэд санаа зоволтгүй. Тэдгээр иргэдийн бүртгэл дээр 2021 онд шалгалт өгсөн 656 иргэн бүртгэгдсэн байгаа. Тодруулбал, 2019 онд БНСУ-д ажиллахаар сонгогдсон 463 иргэн байна. Жил гаруй хугацаанд хүлээнэ гэдэг мэдээж хүндрэлтэй. Бид Өмнөд Солонгосын хөдөлмөрийн газар, Монгол дахь төлөөлөгчтэй өдөр бүр холбоотой ажилладаг. Тиймээс ажиллах хүчний нөөцийг ойрын хугацаанд бүрэн илгээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Ажлын саналын хувьд монголчуудад харьцангуй их ирдэг. Тухайлбал, сүүлийн 14 хоногт 80 ажлын санал ирсэн. БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог.
-Гэрээт ажилтан илгээхэд тулгамдаж байгаа асуудал юу байна?
-Асуудал харьцангуй бага гардаг. Халдвар хамгаалалтын үед хэрэгжих журмаас шалтгаалсан шаардлагууд бий. Гэрээт ажилтан очоод тусгаарлагдах, хүний нөөц, аж үйлдвэрийн газрын тус улсын сургалтад гурав хоног суух зэрэг дээр хүний тоо зааж байгаа. Эдгээр шалтгаанаас хамаарч 14 хоногт нэг удаа ажилтан илгээж байна. 2020 оноос өмнө нь долоо хоног бүр иргэдээ явуулдаг байсан.
-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар БНСУ-аас өөр ямар улсад гэрээт ажилтан илгээдэг вэ?
-Өмнөд Солонгосоос гадна 2019 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд монгол иргэд Япон руу гэрээт ажилтнаар явах боломжтой. Тодруулбал, ур чадвартай ажилтан, ур чадвартай дадлагажигч ажилтнаар тухайн улсад очиж ажиллана гэсэн үг. 3-5 жил ажиллах боломжтой “Токүтэй гиноо” буюу тусгай ур чадварын ажилтны шалгалтад хамрагдаж явах эрх үүснэ. Тухайн шалгалтуудад N4 түвшний япон хэл шаарддаг бөгөөд ѳмнѳ нь дадлагажигчаар гурван жил явсан бол адил ангилалдаа шалгалт өгөхгүй ажилд орох боломжтой. Тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажилтан авах зөвшөөрөлтэй 84 байгууллага бий.
2021 оны байдлаар ХХҮЕГ нийт 32 иргэний Япон улс руу илгээсэн. Одоо шалгалтад тэнцээд явахаа хүлээж байгаа 40 орчим иргэн байна. Одоо сайт дээр ур чадвар болоод япон хэлний шалгалт зарласан.
Энд тэнцсэн хүмүүсийг мөн л шат дарааллын дагуу явуулахаар бэлтгэж ажиллаж байна. Японы хувьд тусгай байгууллага ШУТИС дээр шалгалт авдаг бөгөөд хоёр, гуравдугаар сарын хуваарь гарч товын дагуу шалгалт авахдаа бэлдсэн. Бүртгэл энэ сарын 25-28-ны хооронд хийгдэж байгааг дахин анхааруулж байна.