Дэлхий дахинд
Меркель 2008 онд Украиныг НАТО-д элсүүлэхээс татгалзсаныхаа үр дүнг харах боломжтой гэж Зеленский хэлсэн байна
Германы канцлер асан Ангела Меркелийг саяхан чөлөөлөгдсөн Буча хотод хүрэлцэн ирж, энгийн иргэдийг бөөнөөр оршуулсан булшийг үзэхийг Украины ерөнхийлөгч Володимир Зеленский санал болгожээ.
Ингэснээр Меркель 2008 онд Украиныг НАТО-д элсүүлэхээс татгалзсаныхаа үр дүнг харах боломжтой гэж Зеленский хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Оросын цэргүүд орхиж явсны дараа Киевийн ойролцоох Буча хотоос 300 орчим иргэнийг бөөнөөр оршуулсан булш илэрсэн юм.
Зеленский хэлсэн үгэндээ тухайн үеийн Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Никола Саркози нарыг өнөөдрийн эмгэнэлт үйл явдалд буруутгасан байна.
2008 онд Румыний нийслэл Бухарест хотод болсон НАТО-гийн дээд чуулганаар Украиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэхэд дээрх удирдагчдын шийдвэр голлох үүрэг гүйцэтгэж байжээ.
“2008 онд гарсан Украин улс ирээдүйд НАТО-гийн гишүүн болох боломжтой тухай өөдрөг өнгө аястай мэдэгдлийн цаана Украиныг гишүүнээр элсүүлэхээс татгалзах санаа нуугдаж байсан юм. Үүний цаана зарим улс төрчдийн Оросоос айх утга учиргүй айдас нуугдаж байлаа” гэж Зеленский хэлсэн байна.
Тэрбээр цааш нь ярихдаа “Тэд Украинаас татгалзсанаараа Оросыг тайвшруулж, эв найрамдалтайгаар зэрэгцэн амьдарч болно гэж бодсон байх. Өнөөдөр би хатагтай Меркель, ноён Саркози нарыг Бучад хүрэлцэн ирж, 14 жилийн турш Орост буулт хийснийхээ үр дүнг харахыг урьж байна. Яргаллын золиос болсон Украин хүмүүсийг тэд өөрийн нүдээр харах ёстой” гэжээ.
2008 оны чуулганаар Украин, Гүрж улсуудыг НАТО-д элсүүлэх эхний алхам хийхийг тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш санал болгож байсан юм. Гэвч Герман, Францын удирдагчид ингэх нь Оростой харилцах харилцааг муутгана гэж үзээд эрс эсэргүүцэж байжээ.
Чуулганаас бодит алхам хийхийн оронд Украин, Гүрж улсууд ирээдүйд НАТО-гийн гишүүн болох боломжтой гэсэн ерөнхий мэдэгдэл гаргаад өнгөрч байв.
Орос улс саяхан Украинд халдан довтолсон нь НАТО-гийн тэлэлтийг зогсоох зорилготой байв. Украин улс НАТО-д элсэх боломжгүйг өнгөрсөн сард Зеленский хэлсэн үгэндээ хүлээн зөвшөөрсөн юм.
Одоо Москва-Киевийн хооронд үргэлжилж буй энхийн яриа хэлэлцээний нэг гол сэдэв нь Украин улс эвсэлд үл нэгдэх амлалт болж байна.