Дэлхий дахинд
Швед, Финлянд энэ зун гэхэд НАТО-д элсэнэ гэж хэвлэлүүд мэдээллээ
Финлянд, Швед улсууд энэ зун гэхэд умард Атлантын эвсэл НАТО-д гишүүнээр элсэнэ гэж британийн Times сонин эх сурвалжаас авснаа мэдээлжээ. Америкийн нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн хэлснээр бол энэ хоёр улсын НАТО-д элсэх асуудал Умард атлантын эвслийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын хэлэлцээр дээр “олон удаагийн уулзалт, ярианы сэдэв” болж байгаа гэнэ.
“Финлянд өргөдлөө зургадугаар сард өгөх бол Швед үүний дараа хүсэлтээ өгнө” гэж хэвлэлд бичжээ.
Хэвлэлд бичсэнээр бол европын дипломатуудын бодож байгаагаар энэ хоёр орон гишүүнээр элсвэл НАТО-гийн цэргийн нисэх хүчийг бэхжүүлэх ажлын хүрээнд тагнуулын мэдээлэл цуглуулах ажилд өргөн боломж нэмэгдэх юм байна. Гадаад хэргийн нэг сайдын хэлснээр бол Швед, Финлянд улсууд нь тус эвслийн “жинхэнэ тоглогч” болно гэнэ.
Швед, Финлянд улсууд НАТО-д элсэх нь Оросын хувьд нэг их аюул биш гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүний өмнө мэдэгдэж байсан юм.
Орос улс цэргийн хүчээр Украин руу довтолсны дараанаас Швед, Финлянд улсууд олон жилийн төвийг сахих бодлогоосоо татгалзаж, НАТО-д элсэх боломжийн талаар ярьж эхэлсэн юм.
НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Финлянд, Швед улсуудыг өөрийн нь эгнээнд нэгдэх гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд тэднийг аль болох түргэн хугацаанд элсүүлэх боломжийг хангаж өгнө гэж тэмдэглэж байсан.
Одоо НАТО энэ хоёр орныг өөрсдөө элсэх хүсэлтээ аль болох хурдан ойрын “сар, долоо хоногт” гаргахыг хүлээж байна гэж НАТО дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Жулианн Смит мэдэгджээ. Тэр бас тус хоёр улс эвсэлд нэгдэх шийдвэрийг АНУ талархалтай хүлээн авна гэсэн байна.