Дэлхий дахинд
Оросын цэргүүд Мариуполь хотод довтлохдоо химийн бодис ашигласан байж магадгүй
Украины ерөнхийлөгч Зеленский өнгөрсөн шөнө /2022.04.12/ Оросууд химийн довтолгоо хийсэн байж болзошгүйг анхааруулсан. Тэгвэл Оросын нисгэгчгүй онгоц Украины өмнөд боомтод үл мэдэгдэх химийн зэвсэг хаясан гэж “Daily mail” мэдээллээ.
Телеграм аппликейшнээр дамжуулан украинчууд халдлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авч буй. Уг аппликейшны мэдээлэлд дурдсанаар, гарал үүсэл нь тодорхойгүй хорт бодисын улмаас хотод байгаа хүмүүст амьсгалын дутагдал, вестибуло-атактик синдром зэрэг амьсгалын замын асуудлын шинж тэмдгүүд илэрчээ.
Их Британийн гадаад хэргийн яам энэ хэргийг шалгаж байгаа талаар тус яамны нарийн бичгийн дарга Лиз Трасс мэдэгдэв. “Оросын цэргүүд Мариуполь хотод довтлохдоо химийн бодис ашигласан байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Бид мэдээллийг баталгаажуулахын тулд түншүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Иймэрхүү зэвсэг хэрэглэх нь мөргөлдөөнийг улам л хурцатгана. Бид Путин болон түүний дэглэмтэй хариуцлага тооцох болно” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.
Украины парламентын зүгээс мэдэгдэхдээ, Донецк мужид Оросын зэвсэгт хүчин азотын хүчилээр буудсан байж болзошгүй гэв. Тиймээс содын уусмалд дэвтээсэн нүүрний хамгаалалтын маск зүүхийг орон нутгийн оршин суугчдад анхаарууллаа. Мариуполь дахь химийн зэвсэг болон Донецк дахь азотын хүчил өөр хоорондоо холбоотой эсэх нь тодорхойгүй байна.
Түүнчлэн, Орос улс үхлийн аюултай фосфорын бөмбөг ашиглаж магадгүй гэсэн анхааруулгыг батлан хамгаалах яамнаас өгчээ. Фосфорын бөмбөгийг химийн зэвсэг гэж хатуу тооцдоггүй ч маш хүчтэй шатаж, хүнд гэмтэл учруулах эрсдэлтэй аж. Тиймээс энгийн иргэдийн эсрэг ашиглах нь дайны гэмт хэрэгт тооцогддог.
Мариуполь хотод өнөөг хүртэл 10 мянга гаруй энгийн иргэн амиа алдсан гэж хотын дарга Вадим Бойченко мэдэгдээд байна. Цаашдаа энэ тоо 20 мянгаас давж болзошгүй гэж анхааруулаад, Оросын цэргүүд цогцсуудыг устгахын тулд зөөврийн чандарлах төхөөрөмж авчирч байна гэлээ.