Дэлхий дахинд
Орост шохойтой цаасны хомсдол нүүрлэж байна
Орост шохойтой цаас нийлүүлэхийг Европын холбоо хориглосноор ном хэвлэлийн салбар хүнд байдалд орж магадгүй боллоо гэж ОХУ-ын Тоон технологийн яам мэдээлжээ. Ийм шохойтой цаасыг өндөр чанартай хэвлэл, зураг плакатын хэвлэлд ашигладаг. Оросын шохойтой цаасны хэрэглээний 42 хувийг Финлянд, 16 хувийг нь Хятад, 10 хувийг Герман, найман хувийг Швед улс нийлүүлдэг юм байна.
Яамны мэдээллээр бол хоригоос болоод шохойтой цаасны хомсдол үүсч, хэрэглээний дөнгөж 40 хувь л үлдэх гэнэ. Ийм болохоор Хятад болон азийн бусад орнуудаас офсет хэвлэлийн цаас авах талаар ярьж байгаа юм байна.
Орост зөвхөн цаас ч дутагдалтай байгаа юм биш гэж Подольскийн офсет хэвлэлийн фабрикийн ерөнхий захирал Элина Стесенко хэлж байна.
“Зөвхөн ном хэвлэх цаас ч хомсдож байгаа юм биш, бас сэтгүүл хэвлэх, мөн ном хэвлэлийн хавтас хийдэг өндөр нягтралтай цаас ч бидэнд алга. Өнөөдөр зөвхөн шохойтой цаасны тухай ярьж байгаа ч хэвлэлийн будаг ч бас хоригт орчихсон. Цаасыг яахав ямар нэг аргаар үйлдвэрлэдэг юм гэхэд манай Орос полиграф хэвлэлийн будаг үйлдвэрлэдэггүй шүү дээ. Азовын будагны үйлдвэр хийдэг байсан ч хэдэн жилийн өмнө дампуураад хаагдсан. Одоо тэгэхээр эх орны хэвлэлийн будаг үйлдвэрлэлийг сэргээхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэж хатагтай Элина Стесенко онцолжээ.
Хэвлэлийн бүтээгдхүүний ийм хомсдол нь ном, хэвлэлийн бүтээгдхүүний үнийг хөөрөгдөнө. Энэ оны эцэс гэхэд хэвлэлийн бүтээгдхүүний үнэ ойролцоогоор 30 хувь өснө гэж хэвлэлийн үйлдвэрүүд тооцоолж байна.
Орост шохойтой цаасыг “Илим”, “Кама” компаниуд үйлдвэрлэдэг ч эх орны нийт хэрэгцээний 15-20 хувийг л хангадаг юм байна. Эд үйлдвэрлэлээ нэмэгдүүллээ гээд ч эх орны нийт хэрэгцээг хангаж хүрэлцэхгүй гэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар засгийн газрын санал болгож байгаа Хятадын цаас нь европын цаасыг бодвол дунджаар 80 хувь илүү үнэтэй гэнэ.
Орост харин сонины цаасны асуудал үүсэхгүй. Гэхдээ сэтгүүлийг ийм цаасан дээр хэвлэвэл юу болох, хэн худалдан авах вэ дээ.