Дэлхий дахинд
“Z” Орос, Украины эмгэнэлийн тэмдэг гэсний төлөө бүх шагналыг нь хураана гэв
Крымын Оростой хамтран ажиллах газрын дэд дарга Наталья Поклонская Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны бэлгэ тэмдэг “Z”-ийн тухай үзэл бодлоо илэрхийлсний төлөө бүх шагналыг нь хураах асуудлыг Төрийн зөвлөл авч үзэж байна гэж Крымын бүгд найрамдах улсын парламентын Хууль тогтоох хорооны тэргүүн Сергей Трофимов “Ъ” хэвлэлд мэдээлсэн байна.
“Одоохондоо энэ бол эцсийн шийд биш, бид судалж байна. Харамсалтай нь энэ хүн Оросын болон Крымын нийт иргэдийн хүлээн зөвшөөрөх аргагүй үг хэлсэн. Наталья Владимировна хувь хүний үүднээс ингэж хэлэв үү, төрийн албан хаагчийн бүрэн эрхийнхээ үүднээс ингэж хэлэв үү гэдгийг тодруулах ёстой.
Түүнийхээр бол Z, V үсэг, нь эмгэнэлийн бэлгэ тэмдэг юм бол тэргүүн шугаманд байлдаж байгаа зэвсэгт хүчний зүгээс харвал үнэхээр нийцэхгүй байна Энэ бэлгэ тэмдэг бол тулааны талбарт хэн нь манайх, хэн нь дайсных гэдгийг ялгах чухал зүйл” гэж Трофимов онцолжээ.
Наталья Поклонская YouTube-ийн “Живой гвоздь” сувагт ярицлага өгөхдөө Украинд явуулж байгаа оросын цэргийн тусгай ажиллагааны талаар “Энэ Z үсэг нь Оросын ч, Украины ч хувьд эмгэнэлийг харуулж байна. Яагаад гээч, яагаад гэвэл тэнд орос цэргүүд амь үрэгдэж байна. Оросууд, эцэг эхчүүд нь янз бүрийн мэдээ хүлээн авч байна. Энэ бол гамшиг. Өчнөөн хүн амь үрэгдлээ, өчнөөн хүн шархадлаа гэж Батлан хамгаалах яам мэдээлсээр байна. Энэ баярлах зүйл үү. Үгүй ээ” гэж ярьсан юм байна.
Оростой хамтран ажиллах газрын дарга Евгений Примаков түүний энэ ярианы дараа Поклонскаяг орлогчийнхоо ажлаас халах санал гаргажээ.
Үүнээс гадна Наталья Поклонская үүний өмнө Крымын Төрийн зөвлөлийн даргын Киевийг пуужингаар харвая гэсэн саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байсан юм. Аймшигт сөргөлдөөнийг намжааж, орос цэргүүд, энгийн иргэд нутагтаа буцаж, сүйрсэн эдийн засаг, харилцаагаа бэхжүүлэхийг хүлээцгээе гэж тэр мэдэгдсэн юм.
Дайныг эсэргүүцсэн Украины ерөнхийлөгч асан Леонид Кравчук, Леонид Кучма, крымын улстөрч Сергей Куницын, дуучин Злату Огневич, боксчин Александр Усик, офицер Игорь Воронченко, Николай Балан нарын төрийн болон крымын шагнал, хүндэтгэлийн цолыг Крымын Төрийн зөвлөл хураахаар шийдвэрлэжээ.