Дэлхий дахинд
Генерал Шаманов: Одессыг чөлөөлөх нь манай дараагийн зорилго
Украиныг цэрэггүй болгож, Донбассыг чөлөөлөх манай цэргийн тусгай ажиллагааны дараагийн зорилт нь Одессыг чөлөөлөх явдал гэж Оросын Агаар-десантын цэргийн командлагч байсан, “Баатруудын нийгэмлэг”-ийн тэргүүн хурандаа генерал Валдимир Шаманов “Аргументы и факты” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
“Мэдээж, Мариуполь, бусад бэхлэгдсэн хэд хэдэн районд манай анги нэгтгэлүүдийг саатуулаад байна. Гэхдээ бид энэ зангилааг давчих юм бол байдал бидний талд хялбар болж, Днепр болон Изюмын хооронд бүслэлтэд байгаа цүлхэн дэх бүлэглэлийг эзэлнэ. Одесс бол дараагийнх нь. Николаев, Одессын районд давшиж байгаа ч түр саатаад байна, гэхдээ би энэ удахгүй гэж бодож байна” хэмээн Валдимир Шаманов мэдэгджээ.
Түүнийхээр бол Оросын цэргийн тусгай ажиллагааны эхний шатны зорилго нь Украины агаараас эсэргүүцэн хамгааалах хүчнийг устгах, цэргийн дэд бүтцийг нь жагсаалаас гаргаж улсын төв удирдлага, цэргийн удирдагчдыг нь хөнөөх явдал байсан гэнэ.
“Оросын цэрэг урагшлан давших нь ажиллагааны байдлаас болон хүнд байсан ч манай цэрэг энгийн ард иргэдийг хөнөөхөөс зайлсхийж, үүнээс болоод Мариуполь, Волнохавиг эзлэх ажиллагаа удааширсан. Өнөөдөр энэ хүндрэлүүдийг даван туулаад байгаа ч өөр бас цэргийн хангамжийн зам уртасч, харилцаа холбоо, давшсан цэргийн араас орон зайг нь дүүргэх явдал хүндэрч байна” гэж Валдимир Шаманов хэлжээ.
Валдимир Шаманов бас манай цэргийнхний гол зорилго Украиныг цэрэггүй болгож Орост цэргийн хүчээр заналхийлэхгүй байлгах, хоёр мужийг нь чөлөөлөх явдал гэсэн байна. Үүний зэрэгцээ засаг захигааны төвүүдийг нь хяналтад авч, энгийн иргэдийн өөрийгөө удирдах явдлыг дэмжих явдал гэжээ.
“Украины цэргийн гол хүч нь Киев, Чернигов, бас Львов мужид Зөвлөлт холбоот улсын үед байсан агуулах, нисэх буудал, зөвлөлтийн цэргийн баазуудад байгаа. Энэ бүхнийг яг л шатар шиг ээлж дараалан идэх ёстой. Өнөөдөр бид Украинд энэ асуудлыг шийдэхгүй бол, энэ нь Оросын ирээдүйн цэрэг, офицеруудын шийдэх асуудал болно” гэж хурандаа генерал хэлсэн байна.
Орос улс Украин руу хоёрдугаар сарын 24-нд цэргийн ажиллагаа эхлүүлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ дайны зорилгоо “найман жилийн туршид Киевийн дэглэмийн хүчирхийлэл, хядлагын золиос болж байгаа ард иргэдийг хамгаалах явдал” гэж нэрлэж байгаа. Үүнээс гадна “Украиныг цэрэг, зэвсэггүй болгож”, Донбассын энгийн ард иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн цэргийн гэмт хэрэгтнүүдийг хариуцлагад татаж шүүхэд шилжүүлэх юм гэжээ.
Оросын зэвсэгт хүчин зөвхөн Украины цэрэг, дэд бүтцэд цохилт өгч байгаа, гуравдугаар сарын 25-ны байдлаар цэргийн тусгай ажиллагааныхаа эхний шатны үндсэн зорилгыг биелүүлж, Украины цэргийн хүчин чадавхийг устгасан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдээд байгаа юм. Оросын цэргийн хүчний гол зорилго нь Донбассыг чөлөөлөх явдал гэж Батлан хамгаалах яам нэрлэж байгаа юм.