Дэлхий дахинд
БНСУ-ын мэдээний суваг YTN телевиз Монгол Улс Ковид19 цар тахлыг амжилттай даван туулсан талаар онцолжээ
Монгол Улс Ковид19 цар тахлын хүнд үеийг зөв бодлого, оновчтой шийдвэрийн үрээр амжилттай даван туулсан талаар БНСУ-ын мэдээний гол суваг YTN телевиз онцоллоо. Тус телевиз нь “Монголчууд энгийн амьдралын хэв маяг руу орсон бөгөөд эдийн засаг 4-6 хувь болж аажмаар өсөж байна. Харин иргэд нь энгийн амьдралын горимд шилжиж байна” хэмээн мэдээлжээ. Мөн Монголд бизнес эрхэлдэг гаднын бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдын нөхцөл байдал сайжирсан талаар ч онцолжээ.
Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлсэн. Түүнээс хойш одоогийн байдлаар, нийт хүн амын:
- 69.9 хувь нь нэгдүгээр тунд,
- 66.9 хувь нь хоёрдугаар тунд,
- 31.9 хувь нь гуравдугаар тунд
- 3.7 хувь нь нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагджээ.
Үүний үр дүнд халдварын тохиолдол эрс багассан. Сүүлийн хоногт коронавируст халдварын 15 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс тав дахин бага тоо юм. Түүнчлэн сүүлийн сар гаруй хугацаанд Ковид19 халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй байна.