Дэлхий дахинд
Умард Солонгосын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан парад Пёньян хотод зохион байгуулагджээ
Даваа гарагт Умард Солонгосын зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан парад тус улсын нийслэл Пёньян хотод зохион байгуулагджээ.
Уг арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун цөмийн зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн төлөө боломжит “бүх хурдаараа ажиллах” амлалт авсан байна. Тэр бас шаардлагатай тохиолдолд цөмийн зэвсгээ ашиглах боломжтойг энэ үеэр илэрхийлсэн юм.
“Манай улсын цөмийн зэвсэгт хүчний үндсэн үүрэг бол дайнаас сэргийлэх, гэхдээ бидний хүсээгүй нөхцөл байдал үүсвэл ганц энэ зорилгод хязгаарлагдахгүй. Хэрвээ манай улсын язгуур эрх ашгийг ямар нэг этгээд зөрчих гэж оролдвол цөмийн зэвсэгт хүчин маань хоёр дахь үүргээ эрс шийдэмгий биелүүлэх ёстой” гэж тэр хэлжээ.
Умард Солонгосын дэглэм цөмийн зэвсэг бүтээж эхлэхдээ зөвхөн батлан хамгаалах зориулалттай гэж тайлбарладаг байсан юм. Харин одоо энэхүү үндсэн зорилгоосоо хэтэрсэн агуулгатай зүйл ярьж эхэлснийг судлаачид анхааруулж байна.
Даваа гарагт болсон цэргийн парадыг Ким Жон Ун гэргийн хамт индэр дээрээс үзэж сонирхсон тухай Пёньяны төв хэвлэл мэдээлжээ.
Уг парадад автомашин дээр байрлуулсан тив алгасах шинэ баллистик пуужин Хвасон-17 оролцсон байна.
Онолын хувьд энэ пуужин АНУ-ын эх газарт хүрэх боломжтой гэгддэг. Гэхдээ бодит байдал дээр ингэж чадах эсэх нь эргэлзээтэй гэж судлаачид үздэг юм.
Сарын өмнө Умард Солонгос энэ пуужингаа туршиж байжээ.
Гэхдээ туршилтаас хэд хоногийн дараа Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам Пёньяны эрх баригчид 2017 онд туршиж байсан хуучин пуужингаа дахин туршиж, хэвлэлийн мэдээнд засварласан зураг харуулсан байх өндөр магадлалтай гэж мэдээлж байв.