Дэлхий дахинд
АНУ-ын дэд Ерөнхийлөгчийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрисын “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан ч халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байгаа талаар түүний ажлын албанаас мягмар гарагт мэдээлжээ.
Дэд Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Кирстен Аллений мэдээлснээр, К.Харрисын өгсөн түргэвчилсэн болон “PCR” шинжилгээний аль алиных нь хариу эерэг гарсан тул өөрийгөө тусгаарлан зайнаас ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
К.Харрис АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон тэргүүн хатагтай Жилл Байден нартай ойрын хугацаанд уулзаагүй гэдгийг К.Аллен онцлон хэлсэн байна.
“Дэд Ерөнхийлөгч Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ удирдамж, эмч нарынхаа зөвлөмжийг дагах бөгөөд шинжилгээний хариугаа сөрөг гарсны дараа Цагаан ордонд эргэн ирнэ” гэж түүний ажлын албаны мэдэгдэлд дурджээ.
Өдгөө 57 настай К.Харрис “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамрагдсанаас гадна хоёр нэмэлт тунг тариулсан бөгөөд сүүлийнхийг нь дөрөвдүгээр сарын 1-нд хийлгэсэн байна.