Дэлхий дахинд
Дэлхий даяар аялал жуулчлал улам муудах нь
Урин дулааны улирал ирж хүмүүсийн аялж зугаалах цаг болж байгаа ч дэлхий даяар аялал жуулчлалын салбарт өнөөгийнхөөс хүнд үе тулгарах нь гэж шинжээчид үзэж байна. ОХУ-ын зүгээс Украинд хийж байгаа дайнаас болоод агаарын тээврийн салбарт хориг тавьсан нь зөвхөн Оросын төдийгүй бүхий л дэлхий дахины аялал жуулчлалын салбарт нөлөөлөн Өрнөдийн эдийн засаг, үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж эхэллээ. ForwardKeys компанийн шинжээчид АНУ, болон америкийн агаарын тээврийн салбарт үүнээс илүү хүнд үе тулгарна гэж байна.
Гуравдугаар сарын эх гэхэд Европт нефтийн үнэ 140, байгалийн хий 260 ам.доллар болж өссөн, бусад салбарт ч үнэ өссөөр байна. Engie группийн ерөнхийлөгч Катрин МакГрегор хоригийн улмаас дэлхий дахины эдийн засагт ноцтой нөлөөлж, цаашид үүнээс ч дор болно гэжээ.
Европын холбоо ОХУ-аас өдөр бүр 700 сая ам.долларын эрчим хүчний бүтээгдхүүн худалдан авдаг. Гэтэл оросын байгалийн хийгээс татгалзах нь германы эдийн засагт санхүүгийн сүйрэл авчирч байна гэж германы засгийн газар тооцож байгаа.
Европын агаарын тээврийн салбарт хориг бас л сөргөөр нөлөөлж тун хүнд байдалд байна. Нэг талаас агаарын орон зай хаалттай бол, нөгөө талаар керосины үнэ урьд хожид байгаагүй өссөн нь нөлөөлж байна. Гуравдугаар сарын эх гэхэд европын холбооноос атлантын далай дамнасан нислэгийн тоо 10-13 хувь буурчээ.
Иргэдийн зүгээс ч захиалга эрс буурсан байна. Испанийн Балеарын арал гэхэд л жуулчдынхаа 40 хувийг алдаад байгаа гэнэ.
Ковидын цар тахлын дараанаас үйл ажиллагаагаа сэргээнэ гэж найдаж байсан аялал жуулчлалын салбарынхны найдлага Оросоос Украины эсрэг явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа дайн, Өрнөдийн орнуудаас оросын эсрэг тавьсан хоригийн улмаас бий болж байгаа эдийн засгийн хямрал, үнийн өсөлтөөс болоод ийн талаар болж байна. Нөхцөл байдал үүнээс ч дор болно гэж европын шинжээчид санал нэгтэй хэлж байна. Хоёрдугаар сарын 24-нөөс, гуравдугаар сарын 2 хүртэлх нислэгийн тасалбарын борлуулалт европт хоёр дахин унасан мэдээлэл үүнийг баталж байна.