Дэлхий дахинд
CNN: Хятадад омикрон дэгдэж Бээжинд 20 сая хүнийг шинжилгээнд хамруулж байна
Бээжингийн эрх баригичд өнгөрөгч даваа гаргаас эхлээд нийт иргэдээ COVID-19-ийн шинжилгээнд хамруулж эхэллээ. Хятадын эрх баригчид маш богино хугацаанд 20 сая хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцож хүн амыг гэрээсээ гарах, нийслэлээс гарч явахыг хоригллоо хэмээн CNN мэдээлж байна.
“Бээжинд коронавирусын дэгдэлт маш хурдан, ноцтой тархаж байна. Дэгдэлтийг хязгаарлах, түүнтэй тэмцэх Бээжингийн хүчин чармайлт ноцтой байдалд хүрээд байна” гэж Бээжин хотын даргын төлөөлөгч Сюй Хэзянь CNN агентлагт ярьжээ.
Коронавирусын халдвар Хятадад сүүлийн хэдэн долоо хоногт огцом өсч тус улсын 100 том хотын 80 гаруйд нь хязгаарлалтын төрөл бүрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Бээжингийн эрх баригчид эхлээд Элчин сайдын яамд, бизнес төв байрладаг ганц Чаоян дүүргийн иргэдийг шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэж байсан ч сүүлдээ хотын нийт иргэдийг шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн юм. Даваа гаргаас эхлэн дөрөв хоног явуулах шинжилгээ эхэлсэн эхний өдөр л 3,7 сая хүн шинжилгээнд хамрагдсан гэнэ.
Одоо орон сууцны бичил хорооллын хэдэн арван сууцанд хатуу хязгаарлалт тогтоож оршин суугчдыг гэрээс гарахыг хоригложээ. Ихэнх сургууль, албан байр, дэлгүүр одоогоор ажлаа үргэлжлүүлж байна.
Хотын ихэнх иргэд сандралд автаж худалдааны төвөөр зорчихоо больсноос том дэлгүүр, худалдааны төвүүд үйлчлүүлэгчдээ татахын тулд цагаа уртасган ажиллаж байгаа гэнэ.
Хятад улс коронавирусын тархалтыг улсын хэмжээнд бүрэн зогсоохын тулд “Тэг COVID” гэсэн бодлого баримталж байгаа.
Гуравдугаар сарын сүүлчээс Шанхай хотод омикрон хувилбарын халдвар илэрснээр хэд хэдэн дүүрэгт хатуу хөл хорио тогтоож хотын бусад дүүргүүдэд нь дөрөвдүгээр сарын эх хүртэл өөрийгөө тусгаарлах дэглэм хэрэгжүүлсэн юм. Улмаар хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 26 хүртэл буюу вирусын тархалтыг бүрэн зогсоож устгах хүртэл сунгасан юм.
Хүмүүсийг орон гэрээсээ гарахгүй байхыг шаардаж байгаагаас Шанхай хотын иргэд хүнс, эм, өдөр тутмын хэрэглээний зүйлсээр гачигдаж байгаагаа олон нийтийн сүлжээгээр мэдээлсээр байна. Тэр бүү хэл иргэд, халдвараас сэргийлэх ажиллагсдын дунд зодоон гарсан мэдээлэл ч байна.