Дэлхий дахинд
ОХУ-ын нийслэл Москва хотын төв талбайд Ялалтын баярын парад зохион байгуулагдана
Өнөөдөр ОХУ-ын нийслэл Москва хотын төв талбайд уламжлал ёсоор дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын баярын парад зохион байгуулагдана.
Уг арга хэмжээ нь Оросын зэр зэвсгийн хүчин чадлыг дотооддоо төдийгүй дэлхий дахинд харуулах зорилготой байдаг.
Тэгвэл энэ жилийн Ялалтын баярын парадын цар хүрээ 35 хувиар хумигдаж байгааг Форбс сэтгүүл мэдээлжээ.
Энэ нь ОХУ-ын зэвсэгт хүчний ихэнх нөөц Украины дайнд ид ашиглагдаж байгаа, мөн энэхүү дайны фронт дээр их хэмжээний хохирол амссантай холбоотой гэнэ.
ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр энэ жилийн парадад 129 машин техник, 10,000 цэрэг жагсахаар болжээ. 2021 оны парадад 191 техник, 12,000 цэрэг оролцож байсан юм.
Жил бүрийн парадад жагсдаг уламжлалтай Росгвардийн бие бүрэлдэхүүн энэ жил жагсахгүй болсон нь тэдний ихэнх хэсэг Украинд тулалдаж байгаатай холбоотой гэнэ.
Явган цэрэг тээвэрлэгч Курганец-25 хуягт тэрэгний тоо өмнөх жилтэй харьцуулахад 50 хувиар буурсныг “The Moscow Times” сонин мэдээлжээ.
Мөн өмнөх жилээсээ цөөн тооны танк энэ жилийн парадад оролцохыг мэдээлсэн байна.
2021 оны парадад байлдааны 23 нисдэг тэрэг оролцсон бол энэ жил 15 оролцохоор болжээ.
“Энэ жилийн парадын цар хүрээ буурсан нь Оросын засгийн газар Украинд хохирол амсаж байгаагаа ойлгож, асуудлыг зохицуулахыг хичээж буйн илрэл юм” гэж Коллеж Лондоны Их сургуулийн Оросын гадаад бодлого судлаач Аглаяа Снетков “The Moscow Times” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна.
Одоо Оросын зэвсэгт хүчин Украины дорнод хэсгийг бүрэн эзлэхээр дайтаж байгаа. Зарим эх сурвалжууд энэ дайнд Оросын амь үрэгдсэн цэргийн тоог 20,000 давсан гэж тооцоолж байна.
Энэ жилийн Ялалтын баярын өдөр Украинд албан ёсоор дайн зарлаж, бүх нийтийн цэрэг татлагыг эхлүүлж болзошгүй гэсэн таамаг Өрнөдийн судлаачдын дунд яригдаж байгаа.
Гэхдээ ОХУ-ын засгийн газар үүнийг саяхан няцаасан юм.
Ямартай ч өнөөдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин олон нийтийн сэтгэл санааг өргөх, Украинд явуулж буй дайндаа дэмжлэг авах ямар нэг алхам хийнэ гэсэн хүлээлттэй байна.