Дэлхий дахинд
Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн хүнд өлсгөлөн нүүрлэхийг анхаарууллаа
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тохиох хамгийн хүнд хэцүү өлсгөлөнгийн аюул дэлхий дахинд нүүрлэж байна гэж ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд хатагтай Свенья Шульц Bild телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Коронавирусын цар тахлын дэгдэлт, ган хуурайшил, Украин дахь цэргийн мөргөлдөөнөөс болоод дэлхий дахины хүнсний нөхцөл байдал хүндэрч байгаа гэж Шольц хэлжээ. Өнөөдөр хүнсний бүтээгдхүүний үнэ дээд хэмжээнд хүртлээ өссөн нь манай гаргийн 300 сая орчим хүнийг өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргээд байна, энэ тоо цаашид ч өсөх нь гэж Германы сайд онцолсон байна.
Орос улсаас Украинд цэргийн ажиллагаа эхэлснээр хүнсний бүтээгдхүүний үнэ 1990 оноос хойш хамгийн дээд хэмжээнд хүрсэн гэнэ. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр бол гуравдугаар сард хүнсний бүтээгдхүүний үнэ 12.6 хувь өссөн байна. Үүнд үр тарианы үнэ өмнөх хоёрдугаар сарынхаасаа 17.1, ургамлын тосных 23,2 хувь өссөн нь нөлөөлжээ.
Өмнөх 2021-2022 оны мэдээгээр дэлхий дахины улаан буудайны экспортын 16 хувийг Орос, 10 хувийг Украин эзэлж байжээ. Энэ хоёр улс бараг 50 улс оронд улаан буудай нийлүүлдэг юм.
Герман улс дайны дараах сэргээн босголтод нь зориулж Киевт нэмэлтээр 37 сая евро өгөх төлөвлөгөөтэй байгаа нь дөрөвдүгээр сард тодорхой болсон юм. Үүний 22,5 саяыг нь украины эрчим хүчний сүлжээг сэргээн засварлах, 14.4 сая еврог нь эмнэлгийн тоног төхөөрөмж, орон сууц сэргээн засварлахад зориулах гэнэ.