Дэлхий дахинд
Хатан хаан хоёрдугаар Элизабет Их Британийн парламентын чуулганы нээлтэд оролцож чадахгүйд хүрчээ
Жил бүр Их Британийн парламентын чуулганы нээлтэд оролцож, үг хэлдэг уламжлалаасаа Хатан хаан хоёрдугаар Элизабет энэ жил татгалзахаар болжээ.
96 настай түүнд хөдөлгөөний бэрхшээл тулгарсан нь ингэх шалтгаан болсон байна. Их Британийн парламентын чуулган өнөөдөр буюу Мягмар гарагт нээгдэнэ.
“Хатан хаанд үе үе хөдөлгөөний бэрхшээл тулгардаг болоод байгаа бөгөөд эмч нартай зөвлөлдсөний үндсэн дээр парламентын нээлтэд оролцохгүй байх шийдвэр гаргалаа” гэж Букинмгэмийн ордноос мэдэгджээ.
Хатан хааны өмнөөс түүний хүү, угсаа залгамжлах хунтайж Чарльз парламентад үг хэлэхээр болсон байна. Чарльзийн хүү, хунтайж Уилльямс мөн чуулганы нээлтэд оролцохоор болжээ.
Хатан хаан Элизабет 70 жил төрийн толгойд залрахдаа өмнө нь хоёрхон удаа парламентын чуулганд оролцоогүй юм. Тухайлбал 1959 ба 1963 онуудад тэр хөл хүнд байхдаа чуулганы нээлтийг алгасаж байжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард эмнэлэгт хэвтсэнээсээ хойш Хатан хаан олон нийтийн арга хэмжээнд ховорхон үзэгддэг болоод байгаа.
Тэрбээр дөрөвдүгээр сарын 21-ний өдөр 96 нас хүрсэн юм. 18 дугаар зуунаас хойш мөрдөгдөж ирсэн уламжлалын дагуу Британийн хаад дулааны улиралд албан ёсны буюу хоёр дахь төрсөн өдрийн баяраа тэмдэглэдэг.
Хатан хааны албан ёсны төрсөн өдрийг зургаадугаар сарын 2-5-ны хооронд болох 70 жил төр барьсан дээд амжилтын ойтой давхцуулан тэмдэглэх гэж байна.