Дэлхий дахинд
Бүгд Найрамдах Солонгос Улсын шинэ тэргүүн хатагтай
Мягмар гарагт Бүгд Найрамдах Солонгос Улсын шинэ ерөнхийлөгч Юн Сүк Ёл тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон билээ.
Түүнээс дутуугүй олны анхаарал татаж буй хүн нь шинэ тэргүүн хатагтай Ким Кон Хи болоод байна. Өмнөд Солонгосын өмнөх тэргүүн хатагтай нар ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэрийн эзэгтэй нар байсан бол шинэ тэргүүн хатагтай бизнесийн ертөнцийн төлөөлөгч гэдгээрээ онцлог ажээ.
Нөхрийнхөө сонгуулийн сурталчилгааны үеэр олны өмнө төдийлөн ил гаралгүй, даруухан байсан тэр “Гэргий хүний хамгийн чухал үүрэг бол төрийн үйл хэргийг хамгийн сайнаар удирдан явуулах орчин нөхцөлийг нөхөртөө бүрдүүлж өгөх юм” гэж хэвлэлд ярьж байв.
1972 онд төрсөн Ким хатагтай Кёнги Их сургуулийг зураачийн мэргэжлээр төгсөж, урлагийн боловсролын чиглэлээр магистрын зэрэг авч, дижитал контентын дизайны сэдвээр докторын зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр урлаг, дизайны чиглэлээр их сургуульд багшлахын хажуугаар 2007 онд Covana Content компаниа байгуулж байжээ.
“Багаасаа би урлагт их сонирхолтой байсан. Энэ сонирхол маань урлагийн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх бизнест хөл тавих шалтгаан болсон юм” гэж 2015 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Ким Кон Хи өгүүлсэн байна.
Түүний байгуулсан компани Альберто Жакометти, Марк Шагал, Марк Ротко зэрэг том уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулж байжээ.
Ким Кон Хи 2012 онд буюу одоогоос 10 жилийн өмнө нөхөртэйгөө гэрлэж байсан юм.
Өмнө нь нэг нэгнээ мэддэг байсан тэдний хооронд хайр дурлалын онцгой түүх байгаагүй гэдэг. 2018 онд өгсөн ярилцлагадаа Ким нөхрөө олон жилийн өмнөөс мэддэг байсан ба танилууд нь тэднийг таарч тохирох хүмүүс гэж ятгасны дараа гэрлэсэн гэж ярьж байжээ.
Гэрлэх үедээ Ким 40, Юн 52 настай байсан юм.
“Мөнгөгүй түүнтэй би л гэрлэхгүй бол өөр хүн олдохгүй юм шиг надад санагдаж байсан” гэж Ким хэвлэлд ярьж байжээ.
Тэд хүүхэдгүй, харин дөрвөн нохой, гурван мууртай юм байна.
2018 онд өгсөн ярилцлагадаа Ким “Миний нөхөр өндөр албан тушаал хашлаа гээд би ажил хэргээ орхиж, гэрийн эзэгтэй болмооргүй байна” гэж ярьж байжээ.
Тухайн үед Юн Сүк Ёл нь Сөүлийн прокурорын газрын дарга байсан юм. Харин одоо тэр улсын тэргүүн хатагтай болсныхоо дараа яах нь тодорхойгүй байна.
Ямартай ч түүний компани сүүлийн нэг жилийн хугацаанд ямар нэг үйл ажиллагаа явуулаагүйг эх сурвалжууд баталжээ.
Сонгуулийн сурталчилгааны үеэр сөрөг хүчнийхэн Ким Кон Хиг 2007, 2013 онуудад их сургуульд багшаар ажилд орохдоо анкетаа худал бичсэн гэсэн баримт ил гаргаж байв.
Тухайн үед тэр хэвлэлийн хурал зохион байгуулж, өөрийн ажил үйлсийн замналыг хэт дөвийлгөж бичсэндээ олон нийтээс уучлал гуйж байжээ.
Одоо түүнийг тойрсон бас нэг дуулианы мөрөөр хуулийнхан шалгаж байгаа юм. Энэ нь Deutsch Motors компанийн хувьцааны арилжаанаас ашиг олох зорилготой хуйвалдаанд оролцсон гэх хэрэг ажээ.