Дэлхий дахинд
Шри-Ланка улсын бинзений нөөц дууслаа
Тусгаар тогтнолын дал гаруй жилийнхээ түүхэнд эдийн засгийн хамгийн гүн хямралд унаад буй Шри-Ланка улс саяхан улс орноо аврах найдлага хүлээлгэсэн шинэ ерөнхий сайдыг томилсон билээ.
Шинэ ерөнхий сайд Ранил Викремесингхе өнгөрсөн Даваа гарагт телевизээр ард түмэндээ хандаж, үг хэлжээ.
“Яг одоо бидэнд ганцхан өдрийн шатахууны нөөц үлдээд байна. Ирэх хоёр сарын хугацаа бидний хувьд хамгийн хүнд цаг үе байх болно” гэж тэр мэдэгдсэн байна.
Гэхдээ ойрын өдрүүдэд хөрш Энэтхэгээс зээлээр бензин, дизель түлш нийлүүлэх гэж байгааг Викремесингхе ард түмэндээ дуулгажээ.
Одоо Шри-Ланка улсад зайлшгүй шаардлагатай импортын бараа бүтээгдэхүүн авахад $75 сая яаралтай хэрэгтэй байгааг ерөнхий сайд хэлсэн байна.
Төв банк нь төрийн албан хаагчдын цалинг тавихын тулд мөнгө хэвлэх гэж байгаа, төрийн өмчит агаарын тээврийн Sri Lankan Airlines компанийг хувьчлах төлөвлөгөөтэй байгаа зэргээ тэр бас ярьжээ.
“Хэдийгээр би эсрэг үзэл бодолтой байгаа ч төрийн албан хаагчдын цалинг тавихын тулд мөнгө хэвлэх шийдвэрийг гаргахаас өөр аргагүй боллоо. Мөнгө хэвлэх нь үндэсний валютын ханшийг сулруулах аюултайг бид мартах ёсгүй” гэж тэр хэлсэн юм.
Sri Lankan Airlines компанийн хувьд 2021 оны гуравдугаар сарын байдлаар жилийн алдагдал нь 45 тэрбум рупи ($129.5 сая) хүрсэн байна.
Тус компанийг яаралтай хувьчилбал улсын мөнгө санхүүгийн байдал тогтворжиход чухал нөлөөтэйг Викремесингхе онцолжээ.
Шри-Ланка даяар иргэдийн эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн өрнөсний дараа өнгөрсөн долоо хоногт тус улсын ерөнхий сайд Махинда огцорч, Пүрэв гарагт Викремесингхе оронд нь томилогдсон юм. Махинда нь Шри-Ланка улсын ерөнхийлөгчийн төрсөн ах ажээ.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ах дүү Махинда нар улс орныг удирдаж байв. Өнөөдрийн эдийн засгийн хямралд тэдний буруу бодлого нөлөөлсөн гэж Шри-Ланкын иргэдийн ихэнх хэсэг үзэж байгаа.
Засгийн газрыг дэмжигчид, эсэргүүцэгчдийн хооронд гарсан мөргөлдөөний үеэр есөн хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
1948 онд Британийн колоничлолоос салж, тусгаар тогтносон 22 сая хүн амтай Шри-Ланка нь Энэтхэгийн далайн арал улс юм.