Дэлхий дахинд
Энхийг сахиулагчид дүрвэгсдийн хуарангийн сургуульд эд зүйл хандивлав
БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны захирагчийн тушаалаар батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу энэ сарын 18-ны өдөр “Бентью” суурингийн дүрвэгсдийн хуаранд байрлах хоёр сургуулийн удирдлага, сурагчдын дунд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх ажлыг зохион байгуулав. Энэ ажлын хүрээнд Бентью суурингийн дүрвэгсдийн хуарангийн найман сургуулиас хоёр сургуулийг сонгосноор тэдгээр сургуулийн сурагчдад сурч боловсроход нь дэмжлэг үзүүлж, 1,000 гаруй амны хаалт, гар ариутгагч шингэн болон тус бүр 200 ширхэг дэвтэр, бал, харандааг Эден Праймери сургуулийн захирал ноён Жон Гатчай, Аппер Найль сургуулийн хичээлийн эрхлэгч ноён Жон Нхал нарт хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр тус сургуулиудын удирдлага, сурагчдын зүгээс мотобуудлагын батальоны цэргийн алба хаагчдыг найрсгаар хүлээн авч, дуулж, бүжиглэн, талархал илэрхийллээ. Энэхүү иргэн-цэргийн харилцааг бэхжүүлсэн ажлыг “Олон улсын энхийг сахиулагчдын баяр” болон Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж, явуулснаараа онцлог байлаа.