Дэлхий дахинд
Дүрвэгсдийн тоо анх удаагаа 100 саяыг давлаа гэж НҮБ мэдээллээ
Цэргийн мөргөлдөөн болон, хүчирхийллийн улмаас дүрвэгсэд болон орон гэрээ орхиж улс орон дотроо шилжин суурьшигчдын тоо дэлхий даяар анх удаагаа 100 саяас давлаа гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудлаарх дээд комиссарын газар мэдээлснийг ТАСС агентлаг дамжууллаа.
“Цэргийн мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас орон гэрээ орхин дүрвэж байгаа хүмүүсийн тоо түүхийн бүхий л хугацаанд анх удаагаа 100 саяыг давлаа” гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудлаарх дээд комиссарын газрын мэдээлэлд дурджээ.
Өнгөрөгч 2021 оны эцсээр дэлхий даяар орон гэрээ орхин дүрвэсэн хүний тоо 92 саяыг давсан гэж тус байгууллага тооцоолжээ. Ийн хүмүүс дүрвэхэд Афганистан, Буркина-Фасо, Конгийн бүгд найрамдах улс, Мьянма, Нигери, Эфиопид болж байгаа үйл явдал илүүтэй нөлөөлсөн гэсэн байна. Энэ 2022 оны хувьд Украинд болж байгаа үйл явдал “найман сая хүнийг орон гэрээ орхин улс орон дотроо өөр газарт шилжин суурьшихад хүргэсэн” гэжээ. Үүнээс гадна зургаан сая хүн өөр улс орон руу дүрвэсэн байна.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди энэ тоог бас дэндүү хатуу гээд “хэзээ ч байх ёсгүй дээд амжилт” гэжээ.
Үүний өмнө америкийн Politico хэвлэл украины дүрвэгсдийг хүлээн авч байгаа нь Сири, Афганистаны цагаачдыг хүлээн авахаас огт өөр зүйл хэмээн Европын холбоог шүүмжилж байсан юм. Тус хэвлэлийн сэтгүүлчдийнхээр бол украины хямрал эхэлснээс хойш Европын холбооны цагаачлалын бодлого эрчимтэй өөрчлөгдсөн гэж онцолжээ.