Дэлхий дахинд
Дэлхийн элсэн чихрийн хамгийн том үйлдвэрлэгч Энэтхэг улс чихрийн экспортоо хязгаарлахаар боллоо
Дэлхийн элсэн чихрийн хамгийн том үйлдвэрлэгч болох Энэтхэг улс өчигдөр /2022.05.25/ мэдэгдэл гаргалаа. Тус улс нь олон улс дахь элсэн чихрийн экспортоо хязгаарлахаар шийджээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө улаан буудайн экспортоо мөн зогсоосон билээ.
Элсэн чихэр борлуулах хамгийн гол маркетингийн улиралд буюу есдүгээр сар хүртэл экспортыг 10 сая тонн хүртэл хязгаарлана гэв. Өнгөрсөн жилээс эхлээд экспортын хэмжээ урьд өмнө байгаагүйгээрээ өссөн учир Энэтхэг улс элсэн чихрийн нөөцөө хадгалах арга хэмжээ авах шаардлагатай байгааг Нарендра Моди хэлжээ. Түүнчлэн зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний хооронд элсэн чихэр экспортлохдоо эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах шаардлага хүргүүлжээ.
Экспортоо ийн хязгаарлаж буй хэдий ч энэ нь дэлхийн зах зээлд нөлөөлөх ёсгүй гэдгийг Энэтхэгийн Худалдааны сайд Пиюуш Гоял хэллээ. Тодруулбал, эмзэг орнууд болон хөршүүд рүүгээ экспортоо үргэлжлүүлнэ гэв.
Энэтхэг улс нь элсэн чихэр үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Харин экспортын хэмжээгээрээ Бразилын дараа хоёрдугаарт ордог. Азийн гурав дахь том эдийн засагт тооцогддог Энэтхэг экспортоо хязгаарлаж буй нь тус улсын инфляци сүүлийн найман жилийн хугацаанд хамгийн өндөр түвшиндээ хүрсэнтэй мөн холбоотой. Орос, Украины дайны улмаас гол үйлдвэрлэгчид хөдөө аж ахуйн экспортоо хязгаарлах болсныг мөн энд дурдах хэрэгтэй.
Энэтхэгийн маркетингийн жилийг аравдугаар сараас эхлээд дараа жилийнх нь есдүгээр сар хүртэл тооцдог. 2022 оны есдүгээр сар хүртэлх маркетингийн жилд Энэтхэгийн элсэн чихэр үйлдвэрлэгчид есөн сая тонн орчим экспортын гэрээ байгуулжээ. Өмнө жилд долоон сая тонныг хилийн чанадад нийлүүлсэн.
Дашрамд дурдахад, энэ долоо хоногийн эхээр Малайз улс мөн тахианы махны экспортоо хязгаарлах шийдвэр гаргасан. Тус улсын засгийн газраас мэдэгдэхдээ, “Бидний тэргүүлэх чиглэл бол ард түмэн” гэжээ.