Дэлхий дахинд
Оросын дипломат: “Би өөрийнхөө эх орноос ичиж байна”
ОХУ-аас НҮБ-ын Женевт суугаа төлөөлөгчийн газрын зөвлөх Борис Бондарев оросоос Украинд хийж байгаа дайны улмаас өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхөөр шийдлээ хэмээн Euronews хэвлэл мэдээлснийг Tengrinews.kz дамжуулжээ.
Борис Бондарев ч олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудсандаа “дипломат алба хашсан бүхий л хугацаандаа өнөөдрийнх шиг “хэзээ ч өөрийн эх орон, өөрийн ажлаасаа ингэж ичиж байсангүй” гэж бичсэн байна.
“Путины зүгээс Украинтай, үнэн хэрэгтээ өрнөдийн ертөнцтэй түрэмгий дайн эхлүүлсэн нь зөвхөн украины ард түмний эсрэг гэмт хэрэг ч биш, хамгийн гол нь Оросын ард түмний эсрэг хамгийн хүнд гэмт хэрэг болж байна” гэж дипломат өөрийнхөө мэдэгдэлд дурджээ.
Бондаревынхоор бол “Сүүлийн 20 жилийн хугацаанд ОХУ-ын Гадаад хэргийн яамны худал хуурмаг мэдээлэл түгээх, мэргэжлийн бус ажиллах түвшин нь байнга нэмэгдэж” одоо тус яам “болж буй үйл явдлын талаар шударга бус мэдээлэл түгээж, шударга дүн шинжилгээ, ухаалаг таамаглал хийхийн эсрэг” яг л “30-аад оны Зөвлөлт холбоот улсын сонин хэвлэлийн үзэл санаагаар суртал ухуулга хийж байгаа” гэнэ. Тэр бас “Ийм нөхцөлд төрийн албанд үлдэж худал хуурмагтай эвлэрэх нь өөрийнхөө эх орноос урваж байгаа улс төрийн бүдүүлэг хэрэг” гэжээ.
Дипломат ийн албан тушаалаа өгч байгааг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбарлаж “Коммерсантъ” хэвлэлд “Бондарев нэг бус удаа оросын удирдагчдыг шүүмжилж байсан” гээд энэ бол бүхий л оросын эсрэг явдал гэсэн байна.
“Энэ бүхнээс үзэхэд ноён Бондарев цаашид бидэнтэй хамт биш, бүр бидний эсрэг байгаа нь харагдаж байна. Оросын удирдлагын үйл ажиллагааг манай орны нийт иргэд дэмжиж байхад тэр оросын удирдагчдын үйл ажиллагааг шүүмжилж байна. Энэ эрхэм манай орны нэгдмэл үзэл санааны эсрэг байна” гэж Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков хэлжээ.