Дэлхий дахинд
fraza.com: Путины дараагаар яах вэ гэдгээ Москва хэдийнээ ярьж эхэлжээ
Оросын элитүүд, өндөр албаныхан Путины залгамжлагч хэн байх вэ гэдэг талаар хэдийнээ ярьж эхэлсэн. Гэхдээ Путин зөвхөн хүнд өвчний улмаас л зайлна гэж тэд ярьж байгаа гэнэ. Владимир Путин Украины эсрэг дайн эхлүүлсэн нь оросын элитүүдийг өөрийнхөө эсрэг босгож, Кремль түүнийг өөрчлөх талаар хэдийнээ бодож эхэлсэн гэж Медуза хэвлэлд бичсэн байна. Энд бичсэнээр бол дөрөвдүгээр сарын “эх орончдын сэргэлт”-ийн дараанаас элитүүдийн дунд гутранги үзэл улам ихэссэн гэнэ.
Путин өнөө болтол дайнаас гаралгүйгээр нэр хүндээ хадгалах гэж байгаа нь тодорхой байна. Гэвч бизнесийн хүрээллийнхэн болон засгийн газрын гишүүд болохоор түүнийг цэргийн мөргөлдөөнөө үргэлжлүүлэн, хоригийн аюулыг олж харахгүй, тооцохгүй байгаад сэтгэл дундуур байна. Харин Путины ойрын хүрээллийн “шонхрууд” болохоор “цэргийн тусгай ажиллагааны” хурдад сэтгэл дундуур байгаа юм.
ОХУ-ын хүчнийхэн болохоор дайны “ялалтад хүрэхийн” тулд өргөн хэмжээний дайчилгаа явуулах гэж байгаа ч Кремль үүнд бас бэлэн биш байна. Оросын иргэд дайныг дэмжээд байгаа юм шиг боловч фронт руу нөхөр, хүүхдээ явуулахын эсрэг байгаа юм.
Дайны эсрэг байгаа буюу “энхтайвны бүлэг” хүмүүс гэдэг нь томоохон бизнесмэнүүд, Путины энхийн гэрээ хийхээс тагалзсанд дургүйцсэн олонхи албан тушаалтан гэж Медуза онцлон тэмдэглэжээ.
“Дайнаас үүдсэн асуудлууд Орост ар араасаа гарч байгаа нь харагдаж эхэллээ. Зуны дунд гэхэд тээвэр, эмнэлэг, тэр бүү хэл хөдөө аж ахуйд ч хүндрэл үүснэ. Хүндрэл ийм хүнд тусахыг хэн ч тооцоолоогүй” гэж ОХУ-ын Засгийн газарт ойр байдаг эх сурвалж хэлсэн байна. Европын улс орнууд бүгдээрээ оросын байгалийн хийнээс татгалзчихна гэж дайнаас өмнө бол Кремльд хэн ч тооцоогүй гэж эх сурвалж хэлжээ. Европт өнөөдөр энэ тухай ярьж байгаа ч Путин ийм хориг бодитой нүүрлэнэ гэдэгт итгэхгүй л байгаа гэнэ.
Энэ бүхнээс болоод Кремльд өнөөдөр Путины дараах Оросын ирээдүйн тухай яриа эхэлсэн гэж Медуза хэвлэлд бичиж байна. “Энэ бол Путиныг шууд одоо л түлхэн унагах хуйвалдаанд бэлтгэж байна гэсэн үг биш. Гэхдээ л түүгээр ойрын ирээдүйд төр удирдуулахгүй гэсэн хүсэл, ойлголт бий болоод байгаа юм” гэж хэвлэлийн эх сурвалж хэлжээ.
Путины залгамжлагч байж болох хүмүүсээр Медуза хэвлэл Москва хотын дарга Сергей Собянин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч Дмитрий Медведев, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын орлогч Сергей Кириенко нарыг нэрлэсэн байна.
“Гэхдээ эрүүл мэнд нь эрс доройтсон тохиолдолд л Путин төрийн эрхээс зайлна гэдгийг бүгд ойлгож байгаа” хэмээн хэвлэл онцолжээ.