Дэлхий дахинд
Орос, Украины үр тариаг экспортлох ногоон хонгил гаргахыг Хятад уриаллаа
Дэлхий дахинаа хүнсний нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед орос, украины үр тариаг гадаадад гаргах ногоон хонгил гаргахыг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И уриалсан байна. Тэрбээр Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербоктой ярилцах үедээ ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг иш татан мэдээлжээ.
Хятадын сайдынхаар бол олон улсын хамтын нийгэмлэгт бий болоод хүнд нөхцөл байдлын энэ үед сөргөлдөөнийг нэн даруй зогсоож, хүнсний хангамжийн ийм хонгил гаргах ёстой гэнэ. Бүхий л талыг хамтран ажиллахад Хятад улс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж Ван И онцлон тэмдэглэжээ. Үүнээс гадна олон улсын хэмжээнд сэтгэл зовоосон тулгуур асуудлын тухайд Хятад улс хэзээ ч гадуур өнгөрөхгүй гэсэн байна.
Украинд болж байгаа үйл явдал, оросын эсрэг хориг нь дэлхий дахинд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хүнсний хамгийн том хямралд хүргэж байна гэж Синьхуа агентлаг үүний өмнө бичиж байсан юм. Сөргөлдөөн хурцадсанаас болоод Орос, Белоруссаас экспортод гаргадаг бордоо хязгаарлагдаж, улмаар үнэ нь эрс өссөн гэж Синьхуа бичиж байсан. Мөн Орос, Украинаас гадаадад гаргадаг улаан буудай, эрдэнэ шишийн экспорт зогссон нь бүтээгдхүүний үнэ өсч, хэрэглэгчдэд урьд хожид байгаагүй дарамт болж байна гэжээ.