Дэлхий дахинд
БНАСАУ-д 105 мянган хүн өндөр халуурсан нь бүртгэгдлээ
Умард Солонгост өнгөрсөн нэг хоногт 105 гаруй мянган хүн өндөр халуурч байгаа нь бүртгэгдлээ, эднээс нас барсан хүн байхгүй гэж тавдугаар сарын 16-нд Умард Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээллээ. Ингэснээр коронавирусын халдвараар өвчилсөн хүний нийт тоо 3.17 сая болсон байна.
Улс оронд нь коронавирусын анх тохиолдол илэрсний дараагаар халдварын тархалтыг хязгаарлаж зогсоохын тулд Умард Солонгос “халдварын эсрэг өндөр зэрэглэлийн онцгой байдал” зарлаж удирдагч Ким Чен Уны шийдвэрээр бүхий л хот, тосгон, гацаанд хөл хорио тогтоосон юм. Гэхдээ ард иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүн үйлдвэрлэгч байгууллагууд ажиллаж байгаа юм.
Коронавирусын анхны тохиолдол илэрсэн дөрөвдүгээр сарын 25-наас хойш 3,17 сая хүн өндөр халуурч халдварын шинж тэмдэг илэрснээс 2,98 сая хүн нь эдгэрч, одоо 271 мянган хүн эмчлүүлж байна.
Солонгосын мэдээллийн агентлаг болохоор халдварын нөхцөл байдлыг “бүрэн хянаж, дарж байна”, нөхцөл байдал тогтвортой байна, анх халдвар өргөн тархаж эхэлснийг бодвол өвчлөл, нас баралт эрс буурч, эрүүлжиж байгаа хүний тоо нэмэгдэж байна хэмээн мэдээлсээр байна.
Халдвар тархаж эхэлснээс хойш нийтдээ 68 хүн нас барсан ч сүүлийн гурав хоногт хүн нас бараагүй гэнэ. Нас барсан хүмүүсээс зөвхөн нэг нь л коронавиурсын омикрон хувилбарын ВА.2 буюу “стелс-омикрон”-өөр өвчилсөн гэж мэдээлжээ.
Цар тахлын дэгдэлттэй тэмцэхэд Солонгосын ардын армийн цэргүүд идэвхтэй тусалж байна гэж Солонгосын мэдээллийн агентлаг мэдээлж байна. Эрх баригчид нийслэл Пеньянд 50 эмийн сан шинээр нээж, цэргийн эмч нар бусад суурин газруудад эм бэлдмэл хүргэн, халуурагсдыг гэрээр, албан байгууллагуудаар нь явж эмчилж байгаа юм байна.