Дэлхий дахинд
Шри-Ланка улс Оросоос 90 мянган тонн нефть худалдан авч байна
Эдийн засгийн гүн хяралд ороод дефолт зарлаад байгаа Шри-Ланка улс шатахууны хомсдолоос гарахын тулд ОХУ-аас 90 мянган тонн нефтийг 72.6 сая доллараар худалдан авахаар боллоо гэж Reuters агентлаг мэдээллээ.
Шри-Ланкийн Эрчим хүчний сайд Канчана Вижесекерийн хэлснээр бол тус улс нефть, нефтийн бүтээгдхүүний импортод нь дэмжлэг үзүүлээч хэмээн Орост хандсан юм байна. Ингээд Siberian Light сортын 90 мянган тонн түүхий нефтийг Дубайд байдаг Coral Energy компаниар дамжуулан авахаар болжээ.
Энэ түүхий нефтиэ тус улсад ажилладаг байгаад гуравдугаар сарын 25-нд үйл ажиллагаагаа зогсоосон цор ганц нефть боловсруулах үйлдвэртээ нэрж шатахуун гаргах гэнэ. Сайдын хэлснээр бол завод зургаа хоногийн дараанаас ажлаа эхлэх юм байна.
Үйлдвэрлэлийг саадгүй ажиллуулахын тулд дараагийн хоёр долоо хоногт өөр дахиад нефть авах шаардлагатай гэнэ. Зургадугаар сард нефть нэмж авахад Шри-Ланкад ахиад 568 сая ам.доллар шаардлагатай юм байна.
Шри-Ланка түүхийнхээ бүхий л цаг үед хамгийн том санхүүгийн хямралд ороод байгаа юм. Шатах тослох материалын ямар ч нөөцгүй болж засгийн газраас иргэдийг шатахуун түгээх станцуудад дугаарлах хэрэггүй гэж анхааруулаад байна.