Дэлхий дахинд
Охидын дунд сургууль нээхийг шаардан Кабулд жагслаа
“Афганистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө” хөдөлгөөний хүний эрхийг хамгаалагчид афганд охидод зориулсан дунд сургууль нээхийг шаардан Кабулд эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгууллаа гэж Aamaj News агентлаг тавдугаар сарын 29-нд мэдээллээ.
Тайван жагсаалд оролцсон гивлүүртэй эмэгтэйчүүд нүүрээ ил гарган “Талх, ажил, эрх чөлөө” хэмээсэн уриа барьжээ. Тэд эмэгтэйчүүдийн ардчилсан эрхийг хангахыг уриалсан байна.
Жагсаалыг цагдаа нар тараасан гэж хэвлэл мэдээлсэн ч хэн нэгнийг саатуулсан, хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлээгүй байна.
Талибууды дээд удирдагч гэгээнтэн Хибатулла Ахунзада тавдугаар сарын 7-нд зарлиг гаргаж эмэгтэйчүүд олон нийтийн газар явахдаа бүгд нүүрээ гивлүүрээр халхалж явах, онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх талаар журамласан юм. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд гэр бүлийн эрэгтэй хүнд хариуцлага ногдуулж төрийн албанаас халах юм уу, шоронд хорих юм байна.
Харин Афганистаны Дотоод хэргийн сайд Сиражуддин Хаккани тавдугаар сарын 18-нд CNN телевизэд ярилцлага өгөхдөө талибууд одоохондоо эмэгтэйчүүдийг гивлүүр зүүхийг шаардаагүй гэж байсан юм.