Дэлхий дахинд
Зеленський: ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Украйнд 689 хүүхэд гэмтэн 243.000 хүүхэд хулгайлагдсан
Лхагва гарагт Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленський “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан мэдэгдэл хийжээ.
Түүний өгүүлснээр, “ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойших 98 хоногийн хугацаанд 689 хүүхэд эзлэн түрэмгийлэгч нарын дайралтад өртөн гэмтээд байна. Энэ бол ердөө бидний мэдэж байгаа тоо. Эзлэн түрэмгийлэгч нарын эзэлсэн газар нутагт хэчнээн хүүхэд гэмтэж, амь насаараа хохирсон тухайд бидэнд одоогоор мэдээлэл алга.
Тэдний энэ гэмт хэргийн зорилго нь хүн хулгайлаад зогсох бус харин хулгайлагдсан хүүхдүүдийг Украин улсын тухай санах зүйлгүй болгож, эх орондоо буцаж ирэх боломжгүй болгох юм” хэмээсэн байна.
Тийнхүү Володимир Зеленський болон түүний зөвлөх Дарья Герасымчук нар Оросуудыг нийт 243,000 украин хүүхэд хулгайлсан хэмээн мэдэгдэж, тэдний заримыг асрамжийн газраас хулгайлсан бол заримыг гэр бүлээс нь салгаж авсан гэжээ.
Мөн ноён Зеленськийгийн хэлснээр дайн эхэлснээс хойш нийт 243 хүүхэд амь насаараа хохирч, 139 хүүхэд алга болсон гэнэ.
Дарья Герасымчукийн мэдэгдсэнээр энэ мэт гэмт хэрэг нь Женевийн конвенц болон олон улсын хуулиар хориотой байдаг хэмээгээд дайны нөлөөнөөс үүдэн 7.5 сая хүүхэд сэтгэл зүй, сэтгэц мэдрэлээрээ хохирол амсаж байгаа гэдгийг цохон тэмдэглэжээ.