Дэлхий дахинд
ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн яамны цахим хуудсыг хакерджээ
ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн яамны цахим хуудсыг хакердсан тухай төрийн мэдээллийн “РИА Новости” агентлаг өчигдөр орой /2022.06.05/ мэдээлжээ. Тодруулбал, тус яамны цахим хуудсыг интернэтээс хайхад украин хэлээр “Украиныг алдаршуулна” гэсэн бичиг гарч ирсэн байна.
Цахим хуудас одоогоор ажиллахгүй байгаа ч хэрэглэгчдийн хувийн мэдээлэл хамгаалагдсан гэж яамны төлөөлөгч мэдэгджээ. Хакерууд хэрэглэгчдийн мэдээллийг олон нийтэд задруулахгүйгээ амлан барьцаа нэхсэн аж.
Орос, Украины дайн эхэлснээс хойш Москвагийн төрийн өмчит компани, мэдээллийн байгууллагууд олноороо цахим халдлагад өртөх болсон. Тухайлбал, ОХУ-ын Ялалтын баярын үеэр “RuTube” цахим хуудас гурван өдрийн турш хаагджээ. Энэ нь тус цахим хуудсын түүхэнд тохиолдсон хамгийн том кибер халдлага болсон аж.
Үүнээс гадна Ялалтын баярын өглөө Оросын “МТС”, “НТВ-Плюс”, “Ростелеком”, “Винкс” зэрэг телевизийн сувгууд хакердуулжээ. Бүх хөтөлбөрийнх нь нэрийн оронд “Олон мянган украинчууд болон тэдний үр хүүхдийн амь таны гарт байна. Телевиз, эрх баригчид худлаа ярьж байна. Дайнд үгүй гэж хэлцгээе” гэсэн бичиг гарчээ.
Украины талд ч мөн адил иймэрхүү халдлага гарч байгаа аж. Украин-Уэльсийн хөлбөмбөгийн тоглолтыг “OLL.TV” дамжуулах байсан боловч хакердуулсан гэж өчигдөр мэдэгдсэн билээ.