Дэлхий дахинд
Украинд “оросыг үзэн ядах” үзэл өсөн нэмэгдэж байна
Украинд оросыг үзэн ядах үзэл өсөн нэмэгдэж, Одесс хотод Пушкины гудамжны нэрийг өөрчлөх гэсэн санал санаачилга гарч байгаа талаар тус хотын захирагч Геннадий Труханов мэдэгдлээ гэж New York Times сонинд бичсэн байна.
“Одесс бол Украины олон соёлын нийслэл хот. Одоо харин оросыг бүхэлд нь үзэн ядах явдал өсөн нэмэгдэж байгаад сэтгэл түгшиж байна” гэж Труханов хэлжээ.
Одоо хотын иргэд Пушкины гудамжны нэрийг өөрчлөхөөр санал санаачилга гаргах болсныг хотын дарга өөрөө бол дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Одесс хотын захиргаа Оростой холбоотой гудамж талбайн нэрийг өөрчлөхөөр төлөвлөж байгаагаа зарласан. Үүнд Новомосковскийн, Бородины, Курскийн, Воронежийн, Чапаевын гудамжнуудын нэрийг өөрчлөх юм байна.
Эдгээр нэрийг солих шинэ нэрийн дотор Мариуполийн баатрууд, Их Британийн талбай зэрэг орж байгаа гэнэ. Ер нь Украинд оростой холбоотой нэрсийг өөрчлөх тухай хууль бүр 2015 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр болсон юм. Гэхдээ орос нэрийг өөрчлөх энэ удаагийн давалгаа нь энэ хуультай холбоогүй. Ердөө л Москва цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украины нутагт цэргээ оруулан хот тосгодыг бөмбөгдөж, их буу, пуужингаар буудаж байгаатай холбоотой.
Украины парламент Дээд Рада украины олон нийтийн газар, хэвлэлүүдээр орос хөгжим явуулахыг хориглох тухай санал хураалаа гэж парламентын гишүүн Ярослав Железняк мэдээлжээ. Мөн Орос, Белоруссын ном, хэвлэлийн бүтээгдхүүнийг оруулж ирэх, түгээхийг хориглохоор санал хураасан байна. Улмаар ОХУ-тай шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагаагаа зогсоох, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн хэлэлцээрээс гарах тухай асуудал ч яригдаж байгаа юм байна.
Оросын түрэмгийллийн улмаас украины зургаан сая орчим энгийн иргэн европын улс орнуудад дүрвэн гарсан бол байлдааны ажиллагаа, оросын цэргийн буудлага галаас зайлан найман сая орчим хүн улс орон дотроо нүүдэллэн аюулгүй газар шилжээд байгаа юм.
Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров киевийн эрх баригчид олон жилийн туршид оросын эсрэг дайсагнасан бодлого баримталж оросын гэсэн бүхнийг үгүй хийх гэж байна гэж буруутгаад бидний хувьд Украинтай нөхөрсөг харилцаатай байж, орос хэл, оросын соёлыг гадуурхахгүй байгаасай гэж хүсч байна хэмээн мэдэгджээ.
Дэлхий дахинд
Кени улсад үерийн улмаас 71 хүн амь насаа алдаж, 110 хүн эмнэлэгт хүргэгджээ
Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика өчигдөр мэдэгджээ.
Тус хотын үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автжээ.
Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдсан байна.
Аврах багийнхан үүссэн шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж.
Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, олон мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдэгдлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Японд газар хөдлөлтийн улмаас есөн хүн хөнгөн гэмтжээ
Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх ажиллагаа эхлэв
АНУ-д Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг дөрвөн ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тэгвэл энэ хэргүүдийн эхнийх нь буюу хувийн мэдээллээ далдлах зорилгоор төлбөр хийсэн гэх хэргийн шүүх ажиллагаа Нью-Йоркийн шүүх дээр эхэлж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Шүүхийн ялын тогтоол гартал нэгээс хоёр сар үргэлжилж болзошгүй гэж тооцогдож байгаа энэ шүүх ажиллагаагаар өдгөө 77 настай Дональд Трампын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгсдийн киноны жүжигчин Сторми Дэниелс хэмээх эмэгтэйд дотно харилцаатай байснаа нууцлахыг даалгаж өмгөөлөгчөөрөө дамжуулан 130 мянган ам.доллар төлсөн, үүнийгээ ажил хэргийн нөхцөлийн дагуух хууль ёсны төлбөр мэтээр санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт өнгөрсөн оны гуравдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хэлэлцэнэ.
Прокуроруудын зүгээс Дональд Трампын энэ үйлдлийг сонгуулийн боломжид нь нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс мэдээллийг нуун далдлахыг завдсан хэрэг гэж үзсэн.
Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхээ долоодугаар сард болох намынхаа их хурлаас баталгаажуулахаар зэхэж байгаа Дональд Трамп харин өөрт нь тулгаж байгаа бүх гэмт хэргийг үндэслэлгүй гүтгэлэг гэж үгүйсгэдэг.
Тэрбээр шүүх танхимд орох үедээ ч гэсэн “Улстөрийн мөрдлөг хавчлага болж байна” гэдэг байр сууриа сэтгүүлчдэд илэрхийлжээ.
Үүнээс гадна экс Ерөнхийлөгчийг төрийн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдэд хайхрамжгүй хандсан, 2020 онд өөрийн ялагдал хүлээсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг цуцлуулах санаархлаар үйлдсэн гэдэг өөр хоёр гэмт хэрэгт нийт 34 зүйл ангиар буруутгасан.
Сүүлийн хоёр нь, 2021 оны нэгдүгээр сард Капитолын ордонд дайран орж, хүмүүс амь эрсдэхэд хүргэсэн үймээн самууныг өдөөн турхирсан, нөгөө нь Жоржия муж улсад мөн тэндхийн сонгуулийн үйл явцыг тасалдуулахыг завдсан гэх хэргүүд юм.
Үүний зэрэгцээ АП-Чикагогийн ИС-ийн дэргэдэх судалгааны төв хамтран явуулсан судалгаагаар, гурван америк хүн тутмын нэг нь Трампын мөнгө шилжүүлсэн үйлдлээ нууцалсан нь хууль бус, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг мөн гэж үзжээ.
Мөн тал шахам хувь нь бусад гурван гэмт хэрэгт ч Дональд Трампыг ямар нэг байдлаар гэм буруутай гэсний дээр, бүх шүүх үйл явц тэгэхдээ прокурорууд болоод шүүгчид нь зөв шударга ажиллаж, үнэн зөв шийдвэр гарна гэдэгт төдийлөн итгэлтэй бус байгаагаа илэрхийлжээ.