Дэлхий дахинд
Зеленский Оросыг НҮБ-ын Ерөнхий Ассамлейгаас хасахыг уриалав
Цэргийн тусгай ажиллагаа явуулах нэрээр бусдын нутагт цэрэглэн халдсан хэмээн ОХУ-ын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүнээс хасахыг уриалсан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн уриалгын хариуд НҮБ энэ асуудлыг Аюулгүйн зөвлөл шийдэх ёстой гэсэн хариу өгчээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейнаас аль нэг улс орныг хасах асуудлыг Аюулгүйн зөвлөлөөр дамжуулан шийдвэрлэх ёстой гэж Ерөнхий Ассамблейн даргын албан ёсны төлөөлөгч Полина Кубиак хэвлэлийн мэдээлэл дээр мэдэгдсэн байна. “Бүхий л тодорхой шийдвэрийг Аюулгүйн зөвлөлөөр дамжуулан гаргана” гэж Кубиак хэлжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мягмар гарагт украины хямралын талаар ээлжилт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хуралдаанд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский онлайнаар оролцож үг хэлэхдээ олон улсын хамтын нийгэмлэгийн бүхий л дүрэм зарчмыг зөрчиж байгаа ОХУ-ыг НҮБ-ын бүхий л бүтцээс хасахыг уриалсан юм.
Гэтэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүний хувьд ОХУ өөрөө хориг тавих эрхтэй болохоор ийм шийдвэр гаргах боломжгүй юм байна. Аль нэг улсыг НҮБ-аас хасах механизм нь НҮБ-ын дүрмийн хоёрдугаар бүлгийн зургадугаар зүйлээр зохицуулагдсан байдаг. “Дүрэмд заасан зарчмыг зөрчиж байгаа гишүүн улсыг Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас хасч болно” гэж энд заасан байдаг юм байна.
Украины ерөнхийлөгч өмнө нь Оросыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хасахыг уриалж байсан нь ч мөн техникийн хувьд боломжгүй гэнэ.
НҮБ-ын дүрмийн 23 дугаар зүйлд ОХУ нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн гэчихсэн байдаг юм байна. Тэгэхээр Оросыг Аюулгүйн зөвлөлөөс хасахын тулд НҮБ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн үг. Дүрэмд зааснаар бол НҮБ-ын дүрэмд өөрчлөлт оруулахын тулд Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд бүгд зөвшөөрч гарын үсэг зурах ёстой юм байна. Орос улс мэдээж хүлээн зөвшөөрөхгүй хориг тавих нь ойлгомжтой.
Тэгээд ч НҮБ-д суугаа ОХУ-ын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч Дмитрий Полянский энэ үеэр Зеленский НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцсон нь НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдоос нэмэлт зэвсэг “гуйх”-даа л таатай нөхцөл бүрдүүлэх зорилготой юм байна. Ер нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Украины сэдвээс залхаж эхэллээ, тэгээд ч Зеленскийн “жүжигчний дүр”, “хэлэлцүүлгийн өнцөг” зэрэг нь ямар ч ач холбогдолгүй байна гэж мэдэгдсэн байна.