Дэлхий дахинд
Ассанжийг АНУ-д шүүвэл Эрх чөлөөний хөшөөг буулгая гэв
АНУ-ын шүүх сэтгүүлч Жулиан Ассанжийг буруутган шүүх юм бол Эрх чөлөөний хөшөөг буулгах хэрэгтэй гэж Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор даваа гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.
“Хэрэв түүнийг АНУ-д авчирч дээд хэмжээгээр шоронд хорьж үхүүлэх шийтгэл ногдуулах юм бол эрх чөлөөг бэлгэдэхээ больж байгаа, францчуудын бэлэглэсэн Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөөг буулгах аян өрнүүлэх хэрэгтэй” гэж латин америкийн энэ улсын тэргүүн хэлсэн байна.
Тэр бас ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээр хийх үеэрээ сэтгүүлч Ассанжийг тойрсон асуудлаар ярилцана гэжээ.
Мексикийн тэргүүн мөн энэ оны нэгдүгээр сарын эхээр АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампад хандаж WikiLeaks сайтыг үндэслэгчийг буруутгаж байгаа буруутгалыг хүчингүй болгохыг хүсч байсан гэж мэдэгдсэн байна. Тэр бас сэтгүүлчид өөрийн улс орондоо орогнох эрх олгоход бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Их Британийн Дотоод хэргийн сайд Прити Пател америкийн нууц материалуудыг ил болгож түүхэнд хамгийн их дуулиан тарьсан сэтгүүлч Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөхөөр шийдсэн нь зургадугаар сарын 17-нд тодорхой болсон юм. Урьдчилсан таамаглалаар 51 настай сэтгүүлчид америкийн шүүх 175 жил хорих ял оноож магадгүй байгаа юм. Сүүлийн гурван жил Лондонгийн чанга дэглэмтэй Белмарш шоронд хоригдож байгаа сэтгүүлч Ассанж Ассанжийн өмгөөлөгч Британийн эрх баригчдын шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах өргөдөл гаргажээ.