Дэлхий дахинд
Талибууд засгийн эрхэнд гараад хуулийг зэвсгээр л сольсон
Яг нэг жилийн өмнө Афганистанд бүгд найрамдах дэглэм унаж ерөнхийлөгч Ашраф Гани гадаадад зугтан гарснаар засгийн эрхийг талибууд авч өнөөдөр нэг жилийн ойгоо тэмдэглэж байна. Афганы засгийн газар унаснаар энэ улсад шүүхийн систем унаж үндсэндээ зэвсэг л хуультай зэрэгцэн эрх барьж байна хэмээн “Шафакна” агентлаг мэдээллээ.
Сүүлийн 20 жилд Афганистаны Үндсэн хууль баталсны зэрэгцээ төрөл бүрийн салбарын 300 гаруй хууль эрхзүйн баримт бичиг баталсан нь том ололт байлаа. Үүний зэрэгцээ энэ хугацаанд афганы засгийн газар “шүүхийн удирдлагын тогтолцоо” бий болгож шүүхийн бүх шатны байгууллага нь шүүн таслах ажиллагаа явуулж ирсэн юм.
Гэвч талибууд энэ тогтолцоог сэргээн хэрэгцүүлэх сонирхолгүйгээр эрхзүй болон шүүхийн шинэ систем бий болгож чадсангүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд талибууд Кабул болон томоохон хотууддаа шүүх прокурорын байгууллагууд ажиллуулж байгаа ч хөдөөгийн ихэнх районуудад прокурор ч, шүүгч ч байхгүй байна.
“Шафакна” хэвлэлийн эх сурвалжуудын мэдээлснээр бол Афганистаны ихэнх районд талибын аюулгүй байдлын хүчний дарга нь шүүгч, прокурорын үүрэг гүйцэтгэж, шүүхийн асуудлыг ямар нэг мөрдөн байцаалтгүйгээр өөрийн үзэмжээр шийддэг болжээ.
Афганистаны хөдөөгийн районуудад талибын албан тушаалтнуудын дунд авлига хээл хахууль авах явдал газар аван, шүүхийн болон эрүүгийн хэргийг авлига авагчийн талд шийддэг болсон гэж ардын эх сурвалжууд хэлж байна. Эх сурвалжуудын хэлж байгаагаар бол талуудын аль нэг нь талибуудын гаргасан энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол илүү их авлига өгөх, эсвэл зодуулж тамлуулахад хүрдэг гэнэ.
Захир Шахын түр зуурын Үндсэн хууль
Талибууд засгийн эрх авсныхаа дараа 2021 оны наймдугаар сарын 28-нд Афганистаны хаан асан Мохаммад Захир Шахын үеийн үндсэн хуулийг түр мөрдөхөөр болсон.
Талибан хөдөлгөөнийхөн Афганистанд тус улсын түүхэн дэх хамгийн сайн гэгдэж байсан бүгд найрамдах засаглалын Үндсэн хуулийг “исламын бус” хэмээн хүлээн зөвшөөрөхгүй орхисон юм. Исламын дэглэмд харшлах зарим заалтыг эс тооцвол Захир Шахын үндсэн хуулийг мөрдөж байгаа хэмээн Талибуудын Хуульзүйн сайд нь мэдэгдсэн.
Гэвч талибуудын удирдагч мулла Хайбатулла хөдөлгөөний удирдагчидтай долдугаар сарын 25-нд уулзахдаа хэн нэгний гаргасан хууль дүрэм нь хүчин төгөлдөр бус гэж хэлсэн байна. Энэ уулзалт дээр тэрбээр талибуудын улсад “зөвхөн Бурхны зарлиг мөрдөгдөж, бүхий л асуудлыг шариатын үндсэн дээр шийдвэрлэнэ, бүхий л шийдвэрийг шариатын дагуу гаргана” гэжээ.
Энэ бол тус улсад Захир Шахын үндсэн хууль гэгч хэрэгжиж, тус улсад Үндсэн хууль үндсэндээ байхгүй болжээ гэсэн үг.
Хуулийн зэрэгцээ бурхны зарлиг
Афганистанд Үндсэн хууль болоод бусад хуулиудыг өөрчилснөөр сүүлийн нэг жилд асуудлыг хэн нэг хүний тушаалаар юм уу, бурхны зарлигаар шийддэг болоод байна. Талибууд засгийн эрхэнд байгаа энэ үед мулла Хайбатуллой Ахунзадын бичсэн бурхны зарлиг гэгчийг нийтлэн төрийн албан хаагчид, ард иргэдэд тушаал шийдвэр өгч, төрөл бүрийн томилгоо хийдэг болжээ. Үндсэндээ хуулийн зэрэгцээ мулла Хайбаттуллын бурхны зарлиг гэгчийг үндэс болгон төрийн удирдлага үүнд тулгуурлан ажиллаж байна.
Талибууд засгийн эрхэнд гарч хуулиудыг дагаж мөрдөхөө больсноор Афганистанд хүчирхийлэл, хэлмэгдүүлэл хэмжээлшгүй өсч энэ нь ялангуяа угсаатны болон шашны бүлэглэлүүдийн эсрэг чиглэн, талибууд өөрсдийн өрсөлдөгчдийг хуулиас гадуур намнан устгах болоод байгаа юм.
Нэг үгээр хэлбэл өнгөрсөн нэг жилд тус улсад автомат буу, хуулийн зэрэгцээ эрх барьж, “автомат буу л харыг цагаан болгож, цагааныг хар болгож байна” хэмээн https://regnum.ru/ хэвлэлд бичжээ.