Дэлхий дахинд
Оросын 17.5 сая сурагч шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна
ОХУ-ын хэмжээгээр 17.5 сая сурагч, сургуулийн өмнөх боловсролын долоон сая хүүхэд есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна гэж Оросын Ерөнхий сайдын орлогч Татьяна Голикова мэдээлжээ. “Есдүгээр сарын нэгэнд 17,5 сая сурагч ерөнхий боловсролын сургуульд, долоон сая гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад орж шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна хэмээн тэрбээр хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн асуудлаар хийлгэсэн зөвлөгөөн дээр хэлсэн байна.
Орос орон даяар 39218 дунд сургууль, 33285 цэцэрлэг сурагч багачуудаа хүлээн авахад бэлэн болсон гээд, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилд улсын төсвөөс 219 тэрбум рубль хуваарилан зарцуулсан гэжээ.
Мөн энэ хичээлийн жилд 100 мянган шинэ суудал бүхий 150 сургууль шинээр ашиглалтад орж байгааг онцлоод энэ нь гурван ээлжээр хичээллэдэг сурагчдын тоог 2,4 мянгаар багасгаж байгаа гэсэн байна. “Есдүгээр сарын нэгэн гэхэд ерөнхий боловсролын 150 сургуульд 100 мянган хүүхдийн суудал, 170 гаруй цэцэрлэгт 26 мянган суудал шинээр ашиглалтад орж байна. Энэ бол гуравдугаар ээлжинд хичээллэдэг хүүхдийг тоог 2,4 мянгаар багасгана гэсэн үг” гэж тэр хэлжээ.
Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө улсын хэмжээгээр 1092 сургуульд их засвар хийж дуусгаад байгааг бас хэлсэн байна.
Орост хичээлийн үеэр гар утас ашиглахыг хориглолоо
Энэ хичээлийн жилээс эхлээд хичээлийн үеэр гар утас хэрэглэхийг хориглосон эрүүл ахуйн дүрэм мөрдөж эхлэхээр боллоо гэж ОХУ-ын Гэгээрлийн сайд Сергей Кравцов оросын эцэг эхчүүдийн нэгдсэн зөвлөгөөн дээр мэдээлжээ.
“Энэ нь хичээлийн үед гар утас хэрэглэхгүй байх эрүүл ахуйн шинэ дүрэм. Энэ хичээлийн жилээс эхлээд хичээлийн үеэр гар утас хэрэглэхийг зөвшөөрөхгүй. Хичээл дээр сурагчдыг гар утас хэрэглэхийг хориглоно” гэж тэр хэлсэн байна.
Гэгээрлийн яамны хэвлэлийн алба ч хичээлийн үед гар утас хэрэглэхийг хориглож байгаа юм гэдгийг тодотгосон байна. Ингэснээр хичээлийн үеэр гар утас, таблет болон компьютер, бага оврын дэлгэцтэй хэрэгсэл ашиглахыг хориглож байгаа гэжээ. Энэ нь сурагчдын хараа, төвлөрөлд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн байна.
Сайдын хэлснээр бол үүрэн телефон ашиглах нь сурагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэнэ. Тэр бас эцэг эхчүүд хүүхэд рүүгээ зөвхөн завсарлагааны үеэр л утасдаж болно гэжээ.
“Үнэхээр онцгой тохиолдол гарах юм бол эцэг эхчүүд багшаар дамжуулан утасдаж, иймгүй бол завсарлагаанаар л хүүхэд рүүгээ утасдаж байх хэрэгтэй” гэсэн байна.
Шинэ дүрмээр бас сургалтын явцад ашиглах электрон төхөөрөмжийн шаардлага, стандартыг тогтоожээ. Үүнд сургалтад хэрэглэх дэлгэцийн хэмжээ нь 165,1 см-ээс багагүй байх бол ноутбүүк болон компьютерийн дэлгэцийн хэмжээ нь 39,6 см, планшетийнх бол 26,6 см-ээс багагүй байх гэнэ.