Дэлхий дахинд
Матвиенко: Тусгай ажиллагаанд ялах хангалттай нөөц Орост бий
Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанд ялах хангалттай нөөц Орост бий гэж ОХУ-ын Холбооны зөвлөлийн спикер Валентина Матвиенко Эрдэм мэдлэгийн өдрийг тохиолдуулан Холбооны зөвлөлийн албан сайтаар дамжуулан мэдэгдсэн байна.
“Бидэнд ялахад хүрэлцэх нөөц бий юу гэдэгт эргэлзэх хэрэггүй, эд материалын төдийгүй, сэтгэл зүй оюун ухааны ч нөөц хангалттай. Хагас жилийн дараа эргэн харахад манай улсад асар их аюул заналхийлж байсан хийгээд, цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр цагаа олсон гэдэг нь тодорхой харагдаж байна” гэж улстөрч эндээ бичжээ.
Түүнийхээр бол тулааны талбарт “Оросууд зөвхөн украины зэвсэгт хүчин, нацистын батальонууд төдийгүй Өрнөд, НАТО-гийн хамтын нийгмэлэгтэй тулалдаж байгаа” гэнэ.
“Тусгай ажиллагааны ялалтаас манай орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол оршин тогтнох, хүчирхэг гүрэн байх эсэх шалтгаалах төдийгүй энэ ажиллагаа дуусахад дэлхий дахин ямар байх нь шалтгаална. Цаашид дэлхий дахин, олон улсын харилцаанд, тэгш эрх, хамтын ажиллагаа, шударга ёс олон тулгуурт загвар байх эсэхийг шийдэх юм. Ингэхгүй л бол АНУ болоод тэдний холбоотнууд өөрийн ноёрхлоо тогтоох болно” гэж хатагтай Матвиенко онцолсон байна.
Холбооны зөвлөлийн спикер бас оросын зэвсэгт хүчин хамгийн орчин үеийн зэвсэг техник хэрэглэж байгаа, гэхдээ оросын цэргийн албан хаагчид хүмүүнлэгээр дайтаж байгаа гэжээ. “Тэд энгийн иргэдийг “амьд бамбай” болгон ашиглахгүй, хотын орон сууцны хорооллыг буудахгүй, нийгмийн болон олон нийтийн дэд бүтцийг устгахгүй байгаа. Цэргийн олзлогдогсдод хэрцгий хандаж өөрсдийгөө гутаагаагүй” гэж парламентын гишүүн онцлон тэмдэглэжээ.
Матвиенко бас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины “оросын цэрэг офицерууд бол аугаа их ялагчдын үр удам, манай эх орон ард түмний төлөө амь хайргүй тулалдсан Аугаа их Эх орны дайны баатруудын ач, гуч” гэсэн үгийг дахин давтсан байна.
Орос энэ оны хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээ Ерөнхийлөгч Владимир Путин “Киевийн дэглэмийн дарангуйлал, аллагад найман жилийн турш зовсон ард түмнийг чөлөөлөх явдал” гэж нэрлээд энэ ажиллагааны эцсийн зорилго нь Донбассыг чөлөөлж, Орос улс өөрийнхөө аюулгүй байдлыг хангах явдал гэсэн юм.