Дэлхий дахинд
Сирид туслах хандивлагч орнуудын бага хурал эхэлжээ
БРЮССЕЛЬ. /TASS/. Сири улсад туслах хандивлагч орнуудын Олон улсын бага хурал Бельгийн нийслэл Брюссель хотноо мягмар гарагт эхэлжээ.
ЕХ-ны Зөвлөлөөс мэдээлснээр, бага хурлын үеэр Сирийн хүн ам болон дүрвэгсдэд тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгө мөнгийг цуглуулах, мөн тус улсын нөхцөл байдал, хямралыг зохицуулах улс төрийн үйл явцыг хэлэлцэнэ. Гурав дахь жилдээ зохион байгуулж буй уг хуралд Европын Холбоо /ЕХ/ болон НҮБ-ын урилгаар 85 гаруй улс болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцоно. Бага хуралд оролцоно гэдгээ ОХУ, Казахстан, БНХАУ, Турк, Иран, Ирак, АНУ, Египет, Ливан, Саудын Араб, Пакистан, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Энэтхэг, Канад, Катар, ЕХ-ны гишүүн бүх орон мэдэгджээ. Түүнчлэн уг арга хэмжээг ЕХ-той хамтран зохион байгуулж буй НҮБ-ын төлөөлөгчид оролцох юм.
Үүнээс гадна, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага, Олон улсын валютын сан, Арабын улсуудын холбоо, Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн банк, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО зэрэг байгууллага уулзалтад уригдсан байна.
Сирийн асуудлаарх энэ удаагийн бага хуралд тус улсын эрх баригчид дахин оролцохгүй аж. “Эрх баригчид болон сөрөг хүчний төлөөлөгчдийн аль алиныг бага хуралд уриагүй” гэж ЕХ-ны Зөвлөлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Харин Сирийн иргэний нийгмийн төлөөлөгчид урилгыг хүлээн авчээ.
Бага хурлын эхний өдөр төрийн бус байгууллагууд болон олон нийтийн байгууллагуудын хооронд хэд хэдэн уулзалт болох төлөвтэй байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.