Дэлхий дахинд
Хошин шогийн жүжигчин Украины Ерөнхийлөгч боллоо
Украины найруулагч, хошин урлагийн жүжигчин, “Ард түмний үйлчлэгч” намаас нэр дэвшигч, 41 настай Владимир Зеленский өчигдөр /2019.04.21/ Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад ард иргэдийн 73,7 хувийн дэмжлэгийг авч тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Улс төрийн туршлага бага тэрбээр өөрийн өрсөлдөгч одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенког ийнхүү хол тасархай ардаа орхин олонхийн саналыг авч таван жилийн хугацаанд тус улсыг удирдах эрхтэй болсон байна. Петр Порошенкод иргэдийн 24,5 хувь нь саналаа өгчээ. Өнгөрсөн сарын 31-нд болсон эхний шатны санал хураалтаар Зеленский нийт сонгогчдын 30 хувь нь түүнд саналаа өгсөн бол одоогийн төрийн тэргүүн Петро Прошенко 17,8 хувийн санал авснаар тэд хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болсон юм.
Тэрбээр багийнхантайгаа ялалтаа тэмдэглэж байхдаа “Би та бүхний итгэлийг хөсөрдүүлэхгүй. Би хараахан албан ёсоор Ерөнхийлөгчийн ажлаа хүлээж аваагүй байна. Гэхдээ Украин улсын иргэн хүний хувиар Зөвлөлтийн дараах улсуудад хандаж хэлэхэд биднийг хараарай, боломжгүй зүйл гэж байхгүй” хэмээн хэлсэн байна. Түүний гол амлалтууд нь улс эх орноо авлигаас ангижруулах, Донбасст энх тайвныг тогтоох юм.
Сонгуулийн өмнө буюу баасан гаригт /2019.04.19/ болсон нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг Зеленский эхлүүлж, үг хэлэхдээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Би улстөрч биш. Зүгээр л одоогийн энэ төрийн системийг өөрчлөхийг хүссэн жирийн иргэн. Би 2014 онд Ерөнхийлөгч Порошенкогийн төлөө саналаа өгч байсан. Тэр сонголт алдаа байсныг одоо ухаарч байна. Таны өгсөн амлалт, хийсэн алдааны үр дүн нь би байна” хэмээн Петр Порошенкод хандан хэлжээ.
Зеленский нь “Ард түмний үйлчлэгч” нэртэй телевизийн хошин цувралд авлигатай тэмцсэнийхээ үр дүнд санамсаргүй Ерөнхийлөгч болсон багшийн дүрийг бүтээдэг бөгөөд энэ цувралынхаа нэрээр нэрлэсэн намаас нэр дэвшсэн. Цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгч түүнийг сонгосон иргэдийн ихэнх нь залуу үеийнхэн байгаа юм байна.
Дашрамд дурдахад эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг тэрбээр аав ээжийгээ дагаж, бага насандаа дөрвөн жил Монгол Улсын Эрдэнэт хотод амьдарсан юм байна. Эцэг нь Эрдэнэтийн УБҮ-т 20-иод жил ажилласан бөгөөд Зеленский Орос сургууль гэгддэг дунд сургуульд суралцаж байжээ.
Эх сурвалж:BBC