Дэлхий дахинд
Самсунг нугардаг дэлгэцтэй Galaxy Fold гар утсаа худалдаанд гаргах хугацааг хойшлууллаа
Дэлхийд анхных гэгдэж байгаа Самсунг Электрониксийн нугардаг дэлгэцтэй Galaxy Fold ухаалаг гар утсыг дөрөвдүгээр сарын 26-нд буюу Баасан гарагт худалдаанд гаргах гэж байсан юм.
Гэвч техникийн асуудлаас үүдэлтэйгээр худалдаанд гаргах хугацааг хойшлуулж байгаагаа өчигдөр Самсунг компани зарлажээ.
Өнгөрсөн долоо хоногт дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын технологийн сэтгүүлчид туршилтаар хүлээж авсан шинэ загваруудын дэлгэц эвдэрч эхэлснийг мэдээлсэн юм.
Тухайн үед Самсунг компани гэмтлийг нарийвчлан судалж эхэлснээ мэдэгдэж байв. Өчигдөр гаргасан тус компанийн мэдэгдэлд Galaxy Fold загварыг “сайжруулах хэрэгтэй болсон” тухай мэдээлжээ. Мөн зах зээлд нийлүүлэх хугацааг удахгүй шинэчилж зарлана гэж амласан байна.
Эхний дүгнэлтээр Galaxy Fold загварын дээд, доод нугасны механик ажиллагаа, мөн гар утасны дотрох эд ангид орсон зарим бодис дэлгэцний ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэжээ.
Уян дэлгэцний технологийг түрүүлж хэрэглээнд нэвтрүүлэх гэсэн Самсунгийн хичээл зүтгэл ийнхүү саадтай тулгарч байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Хятадын Huawei компани мөн ийм технологитой Mate X загвараа танилцуулж байсан юм.
Гэхдээ үзүүлэнгийн загварыг гартаа барьж үзэх гэсэн хүмүүст татгалзсан хариу өгч, зөвхөн өөрсдийн гар дээрээс сонирхуулж байжээ. Тиймээс уян дэлгэцний технологи одоогоор шинжлэх ухааны уран зөгнөл хэвээр байгаа бололтой.
Эх сурвалж: Quartz