Дэлхий дахинд
Хятадын судалгааны станц сарны бүтцийн талаар чухал нээлт хийжээ
Энэ оны нэгдүгээр сарын 3-нд Хятадын судалгааны станц хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны алслагдсан талд газардсан билээ.
Тэгвэл Ютү нэртэй уг станц эрдэмтдийн дунд хэдэн арван жилийн турш яригдаж байсан таамгийг батлах нээлт хийжээ.
Энэ нь сарны хөрсөн дор дэлхийн бөмбөрцөгтэй адил царцдасын давхарга байдаг тухай онол юм. АНУ-ын Apollo багийнхан 60 жилийн өмнө сарны дэлхий рүү харсан нүүрэн тал дээр буухдаа энэ талаар баталгаа олж чадаагүй ажээ.
Тэгвэл Хятадын Ютү станц анх удаа нотлох баримт олсныг өчигдөр Nature сэтгүүлд мэдээлсэн байна.
Уг станц сарны дэлхий рүү хардаггүй алслагдсан талын гадаргаас “olivine” нэртэй талстжсан эрдэс бодис олсон юм. Уг бодис нь манай дэлхийн бөмбөрцгийн дээд царцдасын давхаргад түгээмэл байдаг.
Судалгааны үр дүнд уг бодис нь тус станцын буусан газраас холгүй орших 72 км диаметртэй тогооноос гарсан нь тогтоогджээ.
Сарны цаад тал нь дэлхий рүү харсан нүүрэн хэсгээс илүү олон тогоотой байдаг. Эдгээр тогоо нь сансраас унасан солируудын мөргөлтөөс үүсэхдээ хөрсний гүн дэх чулуулаг бодисуудыг гадарга дээр ил гаргасан байна.
Сар анх үүсэхдээ халуун хайлмаг далайгаар бүрхэгдсэн байжээ. Цагийн уртад царцахдаа хөнгөн бодисууд нь хөвж сарны өнгөн хөрсийг үүсгэсэн бол хүнд материалууд нь доош сууж, царцдасын давхаргыг үүсгэсэн гэх онол яригддаг байв. Тэгвэл энэхүү онолыг батлах баримт анх удаа олдсон нь энэ юм.
Хятад улс энэ оны эхээр сарны цаад талд хүрсэн анхны улс болсон бол энэ оны сүүлээр илүү том хөлөг илгээж, Ютү станцын цуглуулсан хөрсний дээжийг дэлхийд авчрахаар төлөвлөжээ.
Харин Хятадын анхны сансрын нисгэгч 2025-2030 оны хооронд саран дээр хөл тавих төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: South China Morning Post