Дэлхий дахинд
Google компаниас Хуавэйд тавьсан хориг хамгийн их нөлөөлөх улс орнууд
Ням гарагт Google компани Андроид үйлдлийн системээ Хятадын Хуавэй компанийн гар утаснуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Энэ нь Вашингтоны засаг захиргаанаас Хятад улсын эсрэг тавьж буй худалдааны хоригийн нэг хэсэг юм.
Хуавэй компани сүүлийн жил гаруй хугацаанд эрчимтэй өсөж, Самсунгийн дараа дэлхийн хоёр дахь том гар утас үйлдвэрлэгч болж чадсан. Энэ онд багтаж тэргүүлэгчийн титмийг Самсунгаас булаах зорилго тавиад байв.
Гэвч Андроид системээс таслагдсанаар энэ төлөвлөгөө биелэх боломжгүй болж байна.
Google-ийн лицензгүй гар утас нь Gmail, Maps, YouTube зэрэг үйлчилгээнүүдээс таслагдахаас гадна Play Store аппликэйшны дэлгүүрт холбогдох боломжгүй болох юм. Нэг үгээр хэлбэл гар утасны амин сүнс болсон Google-ийн эко системийн гадна үлдэх ажээ.
Эх газрын Хятадын хэрэглэгчид угаас Google-ийн үйлчилгээнүүдээс таслагдсан байдаг. Харин дэлхийн бусад бүс нутгийн хэрэглэгчид Андроидын хоригоос хамгийн их хохирохоор байна.
2019 оны нэгдүгээр улирлын байдлаар Хуавэй компанийн гар утас хэрэглэгчийн хамгийн том хэсэг нь Тайвань, Хонг Конг, Макаог багтаасан Хятадын (Greater China) зах зээлд (33 хувь) ноогдож байна.
Дараагийн том зах зээл нь 23.3 хувийг эзэлдэг Европ, Ойрх Дорнод, Африкийн (EMEA-Europe, Middle East, Africa) бүс нутаг юм. Латин Америкийн зах зээл 19 хувь, Ази, Номхон далайн зах зээл 6.4 хувь, Умард Америкийн зах зээл 0.3 хувийг тус тус эзэлдэг.
Европын зах зээлд Хуавэй Өмнөд Солонгосын Самсунгтай тун ойрхон өрсөлдөж байгаа. Энэ тивийн Испани, Польш зэрэг есөн улсад Хуавэй хэдийнээ Самсунгийг гүйцээд байна.
Тиймээс Андроидын хориг Хуавэй компанийн Европын зах зээлд хамгийн хүнд тусах магадлалтай. Хоригоос хамгийн их хожих этгээд нь Самсунг болж байгаа юм.
Самсунгийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногийн хаалтын үеэс даруй 6 хувиар өсөж, өнөөдөр өглөөний байдлаар нэгж нь 43,550 вонд ($36.5) хүрээд байна.
Самсунгийн дараа хожих тоглогчид нь Хятадын Xiaomi, Oppo зэрэг жижиг үйлдвэрлэгчид болох төлөвтэй байгааг судлаачид мэдээлжээ. Жишээ нь Xiaomi 2018 оны байдлаар Европ тивийн дөрөв дэх том гар утас нийлүүлэгч болоод байгаа. Тэгвэл дунд хугацаанд тэд Хуавэйн эзэмшиж буй зах зээлээс багагүй хэсгийг булааж магадгүй юм.
Эх сурвалж: South China Morning Post, Business Insider