Дэлхий дахинд
Хуавэй компани Андроидыг орлох үйлдлийн системээ 2020 оны хавар зах зээлд гаргана
Хятадын мэдээллийн технологийн Хуавэй компанийн хувь хэрэглэгчийн бизнес хариуцсан захирал Ричард Юү өчигдөр CNBC сувагт ярихдаа тус компанийн өөрийн хөгжүүлсэн үйлдлийн систем удахгүй бэлэн болно гэж мэдэгджээ.
Хуавэй компанийн гар утас болон зөөврийн компьютерт хоёуланд нь зориулсан үйлдлийн систем Хятадын зах зээлд энэ оны сүүлээр нэвтрэх бол гадаад зах зээлд 2020 оны нэг, хоёрдугаар улирлын аль нэгэнд гарах гэнэ.
Үүнээс гадна Хуавэй өөрийн “App Gallery” нэртэй аппликэйшн дэлгүүртэй болох гэж байгааг Юү дуулгажээ. “Өнөөдөр Хуавэй нь Microsoft Windows, Google Android системүүдийг үргэлжлүүлэн ашиглах хүсэлтэй хэвээр байна. Гэхдээ ингэх боломжгүй болбол бид B төлөвлөгөөндөө шилжиж өөрийн үйлдлийн системийг ашиглах болно. Бид үүнийг хүсэхгүй байгаа ч АНУ-ын засгийн газар хүчилбэл ингэхээс өөр аргагүй болно” гэж Ричард Юү ярьжээ.
Өнгөрсөн долоо хоногт Вашингтоны засаг захиргаа Хуавэй компанийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх байгууллагаар зарласан юм.
Үүний дараа Google компани тус компанийн гар утаснуудад ашиглуулдаг Андроид үйлдлийн системийнхээ лицензийг цуцлах болсноо зарлаж байв. Дараа нь АНУ-ын худалдааны яам Хуавэйн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахын тулд Андроидын лиценз цуцлах хугацааг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргажээ.
Хэрвээ Андроидын лиценз цуцлагдвал Хуавэй компанийн гар утасны хэрэглэгчид программын шинэчлэлт, сайжруулалтыг хүлээж авч чадахгүйгээс гадна Google-ийн олон төрлийн үйлчилгээг ашиглах боломжгүй болох юм.
Эх сурвалж: Business Insider