Дэлхий дахинд
Эверестийн оргилд уулчид ямар шалтгаанаар амиа алдаж байна вэ?
Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд Эверестэд авирсан уулчдаас 11 хүн амиа алдаад байна.
Хэт олон тооны уулчин дэлхийн хамгийн өндөр уулын оройд цугларснаас урт цуваа үүсч, олон цагаар саатах болсон нь үүнд нөлөөлсөн гэж үзэж байна.
Тавдугаар сарын 22-ны өдөр Эверестийн оргилд гарах замд орон орны 250 уулчин урт дараалал үүсгэснийг анх Балбын хэвлэлүүд мэдээлсэн юм.
Хүний бие махбод тодорхой өндрөөс эхлэн хүчилтөрөгчийн дутагдалд орж, ажиллагаа нь мууддаг байна. Далайн түвшинд ойр байх нь хүний тархи, уушгинд хамгийн сайн нөлөөтэй.
Эверестийн оргил нь далайн түвшнээс дээш 8,848 метрийн өндөрт байдаг. 8,000 метрээс дээш хэсгийг нь уулчид “Үхлийн бүс” гэж нэрлэдэг байна.
Энэ өндрөөс эхлэн хүний бие аажим аажмаар үхэж эхэлдэг.
Далайн түвшинд агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ 21 хувь орчим байдаг гэнэ. Харин 8,000 метрээс дээш өндөрт энэ хэмжээ 40 хувиар багасдаг байна.
Хэчнээн нэмэлт хүчилтөрөгчийн нөөц хэрэглэсэн ч ийм өндөрт хүн “нарийхан гуурсаар амьсгалаад гүйж байгаа” мэт сэтгэгдэл төрдөг тухай АНУ-ын уулчин Дэвид Бриширс ярьжээ.
Хүний биед хүчилтөрөгч багасахад зүрхний цохилт хурдасч, минутад 140 хүртэл удаа цохилж эхэлдэг байна. Ингэснээр зүрхний шигдээс үүсэх эрсдэл огцом нэмэгддэг.
Тиймээс уулчид биеэ дасгахын тулд Эверестийн оргилыг зорихоосоо өмнө нам өндрийн авиралтыг хэд хэдэн удаа гүйцэтгэдэг байна.
Үүнээс гадна хүчилтөрөгч дутагдахад хүний тархины ажиллагаанд хүчтэй нөлөөлдөг. Энэ үед хүний толгой эргэж, бөөлжиж, бодох сэтгэх чадвараа алдаж эхэлдэг байна. Заримдаа уулчид солиорсон мэт болж, хувцасаа урж тасдах, хий юмтай ярих зэрэг хачин үйлдэл гаргаж эхэлдэг ажээ.
Тиймээс уулчид “Үхлийн бүс”-эд аль болох богино хугацаанд саатаж, 12 цагийн дотор оргилд гараад буцах төлөвлөгөөтэй ажилладаг байна.
Харин сүүлийн долоо хоногийн хугацаанд Эверестийн оргилын орчим үүссэн урт дараалал, түгжрэл нь уулчдыг үүнээс олон цаг “Үхлийн бүс”-д саатуулснаас амь насаа алдах тохиолдол нэмэгдсэн гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Эх сурвалж: Business Insider