Дэлхий дахинд
Хятадын төв хэвлэл газрын ховор элемент нийлүүлэхээ зогсооно гэж АНУ-ыг сүрдүүллээ
Худалдааны дайны хүрээнд Хятад улс газрын ховор элементийн экспортоо хориглож болзошгүйг тус улсын төв хэвлэл мэдээлжээ.
Хятадын Коммунист Намын төв хэвлэл Ардын Сонинд өчигдөр гарсан нийтлэлд Хятадын хөгжлийг зогсоох гэсэн АНУ-ын ямар ч оролдлогыг огт хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна.
Үүнийхээ дараа дэлхийн нийлүүлэлтийн ихэнх хувийг эзэлдэг газрын ховор элементээ АНУ-д экспортлохыг зогсоох алхам хийж болохыг сануулжээ.
Ингэхдээ “Дараа нь биднийг урьдчилж анхааруулаагүй гэж битгий хэлээрэй” гэсэн утгатай хэллэг ашигласан байна.
Энэ үгийг Коммунист Намын төв хэвлэл маш ноцтой зөрчил мөргөлдөөний үед ашигладаг. Тухайлбал 1962 онд Энэтхэгтэй хилийн мөргөлдөөн үүсгэхийн өмнө, мөн 1978 онд Вьетнамын нутагт довтлохдоо ийм хэллэг ашиглаж байжээ.
Хамгийн сүүлд Тайваний асуудлаар гарсан нийтлэлд ийм үг ашиглаж байв.
Газрын ховор элемент нь салхин турбин, ухаалаг гар утас, сансрын пуужин зэрэг орчин үеийн технологийн бараа бүтээгдэхүүнд хэрэглэдэг 17 элементийн нэгдлийг хэлдэг.
Нөөц нь дэлхийн олон газарт байдаг ч байгаль орчны асуудлаас болоод ихэнх улс орнууд олборлож чаддаггүй.
2014-2017 онуудад Хятад улс АНУ-ын ховор элементийн 80 хувийг нийлүүлсэн байдаг.
Тиймээс энэ бол Хятадын хувьд үнэхээр хүчтэй хөзөр юм.
2010 онд Япон улс Хятадын загас агнуурын завийг олзолсны дараа Бээжингийн эрх баригчид тус улсад газрын ховор элемент гаргахаа зогсоож байв.
Эх сурвалж: CNN