Дэлхий дахинд
АНУ-ын компаниудад Оросын сансрын пуужин, хиймэл дагуул ашиглахыг хориглолоо
Пентагон өчигдөр Америкийн компаниудад Оросын сансрын пуужин, хиймэл дагуул ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Хориг 2023 оноос үйлчилж эхлэх юм.
АНУ-ын засгийн газар сансрын салбарт хамтарч ажиллахыг хориглосон орнуудад Хятад, Иран, Умард Солонгос, Судан, Сири улсууд багтдаг байв.
Тэгвэл энэхүү хар жагсаалтад ОХУ нэмэгдэн орж байна.
Одоо АНУ нь Оросын Союз пуужингаар сансрын нисгэгчдээ тойрог замд хүргэдэг. Гэхдээ Вашингтоны засаг захиргаа сүүлийн жилүүдэд SpaceX, Boeing зэрэг хувийн компаниудтай хамтран ажиллаж, өөрийн пуужингаар сансарт хөөрдөг болохыг зорьж байгаа юм.
Эдгээр компаниудтай 2014 онд гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. 2017 онд анхны сансрын нисгэгчээ хөөргөх төлөвлөгөөтэй байсан ч одоог хүртэл туршилт үргэлжилж байна.
SpaceX компанийн Crew Dragon, Dragon хөлгүүд тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцад амжилттай залгагдаж байв. Гэхдээ сансрын нисгэгчтэй тойрог замд хүрч чадаагүй байна.
Энэ сарын эхээр NASA-гийн хоёр сансрын нисгэгч тойрог замд ажиллахаар Оросын Союз пуужинд суудал захиалсан юм. Америкчууд сансрын нисгэгчийн нэг суудлыг $75 саяар худалдаж авдаг гэдэг.
Өчигдөр ОХУ-ын Роскосмос байгууллага гаргасан мэдэгдэлдээ Пентагоны шийдвэрийг “шударга бусаар өрсөлдөж байгаагийн нэг жишээ” гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: Russia Today