Дэлхий дахинд
Хятадын сайд Тяньаньмэний тэмцлийг нухчин дарсан явдлыг хамгаалсан үг хэлжээ
Хятадын эрх баригчид 1989 онд Тяньаньмэний талбайд оюутнууд, ажилчдын ардчиллын төлөө тэмцлийг нухчин дарсны 30 жилийн ой маргааш тохиох гэж байна.
Зургаан долоо хоног орчим үргэлжилсэн тэмцлийг зургаадугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө цус урсган дарсан байдаг. Энэ үйл явдлын талаар ярих, бичихийг Хятадад хатуу хориглодог билээ.
Бээжингийн эрх баригчид ч энэ үйл явдлын талаар ам нээдэггүй. Тэгвэл саяхан Хятадын батлан хамгаалахын сайд Тяньаньмэний тэмцлийг зэвсгийн хүчээр дарсан явдлыг өмгөөлсөн мэдэгдэл хийсэн нь ховор тохиолдол байлаа.
Сингапурт болж буй бүс нутгийн худалдаа, аюулгүй байдлын чуулганд оролцсон Хятадын батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэгээс энэ талаар байр суурийг нь асуухад тэр “Энэ үйл явдал бол улс төрийн үймээн самуун байсан бөгөөд төв засгийн газрын авсан арга хэмжээ зөв байсан” гэж хариулжээ.
Тэр цааш нь хэлэхдээ тухайн үед зөв арга хэмжээ авсны үр дүнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятадын нийгэм эдийн засаг тогтвортой хөгжлийн замдаа орсон гэж тайлбарласан байна.
Жил бүрийн зургаадугаар сард 1989 онд Тяньаньмэний талбайд гарсан хэрэг явдлыг дурсах ямар нэг албан ёсны арга хэмжээ огт зохион байгуулагддаггүй. Харин хэлмэгдсэн иргэдийн төлөөлөл энэ өдрүүдэд янз бүрийн хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэхийг оролддог ч Хятадын интернэт, хэвлэл мэдээллийн хатуу цензур энэ үед улам хүчтэй ажилладаг юм.
Эх сурвалж: BBC