Дэлхий дахинд
Орон нутагт цөлөгдсөн гэгдэж байсан Умард Солонгосын албан хаагч ил гарав
Өнгөрсөн Баасан гарагт Өмнөд Солонгосын Чосун Илбо сонин анх Умард Солонгосын дээд албан тушаалтан Ким Ён Чолыг Ханойн уулзалтыг бүтэлгүйтүүлснийхээ төлөө шийтгүүлж, албадан хөдөлмөр эрхлэхээр орон нутагт цөлөгдсөн тухай мэдээлж байв.
Тэрээр Солонгосыnн хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой цуврал хэлэлцээр хийж байсан гол хүн юм. Үүнээс гадна тэр нэгдүгээр сард Цагаан ордонд зочилж, Ким Жон Уны захидлыг Дональд Трампад гардуулж байжээ.
Гэвч хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханойд болж өнгөрсөн Трамп-Кимийн хоёр дахь уулзалтын дараа Ким Ён Чол олны өмнө ил гараагүй байсан юм.
Харин Чосун Илбо сонины мэдээ тарснаас хойш хоёр хоногийн дараа буюу Ням гарагт Пёньянд болсон армийн уран сайханчдын концертыг тэр Ким Жон Уны хамт үзсэн тухай Умард Солонгосын төв хэвлэл өнөөдөр мэдээлжээ.
Умард Солонгосын Родон Синмун сонины нүүрэнд нийтлэгдсэн гэрэл зурагт Ким Ён Чол их удирдагчаасаа таван суудлын зайтай хоёр гараараа нүүрээ хагас халхалсан байдалтай суугаагаар дүрслэгдсэн байна.
Мөн Ким Жон Унтай хамт концерт үзсэн төрийн дээд албан тушаалтнуудын нэрсийг дурдахдаа Ким Ён Чолын нэрийг багтаажээ. Харин Чосун Илбогийн мэдээнд өгүүлснээр цаазлуулсан гэгдэж байгаа дипломатч Ким Хёк Чол өчигдрийн концертыг үзээгүй байна.
Ким Хёк Чол бол Ханойн уулзалтын бэлтгэл ажлыг хангахаар АНУ-ын тусгай төлөөлөгч Стефэн Бигантай уулзалтуудыг хийж байсан гол хүн юм.
Пёньяны дэглэмийн дээд түвшинд хийгдсэн цэвэрлэгээ, халаа сэлгээний тухай мэдээлэл маш нууц байдаг бөгөөд Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн олж авсан мэдээллүүдийн зарим нь сүүлд няцаагдах тохиолдол байдаг ажээ.
Эх сурвалж: Associated Press