Дэлхий дахинд
Jay-Z дэлхийн анхны тэрбумтан хипхоп уран бүтээлч болсныг Форбс зарлалаа
Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг танилцуулдаг Форбс сэтгүүл Брүүклинээс гаралтай рэппер Jay-Z-ийг тэрбумын хөрөнгөтэй болсон анхны хипхоп уран бүтээлч хэмээн зарлажээ.
Ийм алдрыг түрүүлж хүртэхийн төлөө Jay-Z нь хөгжмийн нэг салбарын уран бүтээлч болох Dr Dre-тэй олон жил өрсөлдөж байсан юм. Dr Dre 2014 онд Beats Electronics компаниа Apple-д $3.2 тэрбумаар зарсны дараа өөрийгөө анхны тэрбумтан хипхоп уран бүтээлч болсныг зарлаж байв.
Гэвч тухайн үед Форбс сэтгүүл түүний эзэмшил хувийг тооцоолж үзээд хөрөнгийг нь $800 сая орчим болсон гэж дүгнэжээ.
Jay-Z буюу жинхэнэ нэр нь Шон Картер анх Брүүклиний гудамжинд хар тамхи зарж бизнесээ эхэлсэн хүн. Харин 1996 онд “Reasonable Doubt” нэртэй анхны цомгоо гаргаж, хөгжмийн замналаа эхэлсэн юм.
Тэр цагаас хойш түүний 14 цомог хитийн жагсаалтад тэргүүлж, Грэммийн шагналыг 22 удаа хүртэж, нэрээ Дуу бүтээгчдийн Алдрын Танхимд мөнхөлсөн.
Тэр бас поп хөгжмийн од Beyonce-тэй гэрлэж, хамтарсан уран бүтээл гаргах болсон юм. Тэдний хамтын хөрөнгийн хэмжээ 2017 онд тэрбумын босгыг давсан байна.
Форбс сэтгүүл Jay-Z-гийн Armand de Brignac шампэйн дарс, D’Usse коньякны бизнест эзэмшдэг хөрөнгийг нь $410 сая гэж тооцжээ. Мөн бэлэн мөнгө болон Uber зэрэг компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг нь $220 сая, Tidal хөгжмийн стриминг бизнесийн үнэлгээг $100 сая, Roc Nation энтертайнмэнт компанийн үнэлгээг нь $75 сая, хөгжмийн каталогийг нь $75 сая, урлагийн бүтээлийн цуглуулгыг нь $70 сая, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нь $50 сая гэж үнэлсэн байна.
Энэ бүгд нийлээд тэрбумын босгыг давжээ.
Эх сурвалж: Associated Press